ДУНДГОВЬ: Улсын бүртгэлийн хэлтэс асаргаанд байдаг иргэдэд гэрийн үйлчилгээ үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-11-09 16:49:03
altantogos

Мандалговь, 2023 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс энэ сарын 13-14-нд гэрийн асаргаанд байдаг ахмадууд болон ХБИ-дэд гэрийн үйлчилгээ үзүүлэхээр болжээ.


Тодруулбал, аймгийн төвд оршин суудаг, өөрийн биеэр ирж үйлчилгээ авах боломжгүй ахмадууд, ХБИ-дэд тоон гарын үсэг олгох, төрөөс хувьчилсан газрын гэрчилгээ, хувийн сууцны гэрчилгээ авах, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний шилжилт хөдөлгөөний бүртгэл хийх зэрэг үйлчилгээг гэрээр нь очиж үзүүлэх аж.


Тус аймгийн хэмжээнд 16-гаас дээш насны 32044 иргэнд тоон гарын үсэг олгох ба 11 дүгээр сарын 9-ний байдлаар тоон гарын үсэг олгох ажил 58 хувьтай байна.


Гэрээр үйлчилгээ авахыг хүссэн, гэрийн асаргаанд байдаг ахмад настан болон ХБИ-тэй айл өрхүүд, тэдний асран хамгаалагчид энэ сарын 12-ныг хүртэл 88060992, 85545168 утсаар холбогдон хүсэлтээ өгөх боломжтой хэмээн Улсын бүртгэлийн хэлтсээс мэдээллээ.


Тоон гарын үсэг хэрэглээнд нэвтэрч эхэлснээр иргэд цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хоорондоо цахим хэлбэрээр гэрээ хэлцэл хийх, албан байгууллагад өргөдөл, гомдол гаргах, банк санхүү, даатгалын байгууллагуудтай цахимаар харилцах гэх мэт олон боломжууд нээгдэж, цаг хугацаа, зардал хэмнэх аж. 


Түүнчлэн төрийн үйлчилгээний цахим систем E-business платформоос хуулийн этгээдтэй холбоотой 26 төрлийн үйлчилгээ, smart car, smart office аппликэйшн, мөн нийгмийн даатгал, татвар, гаалийн ерөнхий газар, www.tender.gov.mn цахим сайтуудад тоон гарын үсгийн тусламжтайгаар нэвтэрч, хувь хүн болон бүх төрийн үйлчилгээтэй холбоотой мэдээллийг авах боломж бүрдсэн хэмээн тус хэлтсийн мэргэжилтнүүд онцоллоо. 

Холбоотой мэдээ