ДУНДГОВЬ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд "Хамтдаа хөгжье" уриан дор чуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-11-06 13:03:39
altantogos

Мандалговь, 2023 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн баруун бүсийн сумдын хөгжлийн бэрхшээлтэй иргэд 11 дүгээр сарын 3-нд "Хамтдаа хөгжье" уриан дор чууллаа.


Дундговь аймгийн хэмжээнд 1415 хөгжлийн бэрхшээлтэй  иргэн байгаагийн 37,4 хувь нь аймгийн төвд, 62,6 хувь нь хөдөө орон нутагт амьдардаг. Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт ХБИ-ийг нийгэмшүүлэх, оролцоог нэмэгдүүлэх, хүртээмжийг сайжруулах чиглэлээр хэд хэдэн ажлыг зохион байгуулахаар төлөвлөсний дотор Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв байгуулах, чуулган, уралдаан тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсөн байна.


Энэхүү бодлогын хүрээнд аймгийн ЗДТГ, ХХҮГ, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв, “Их үйлсийн бүтээмж” ХХК, Эрдэнэдалай сумын ЗДТГ, “Гэрэлтдэг ертөнц” ТББ хамтран тус чуулганыг зохион байгуулсан бөгөөд Сайнцагаан, Дэлгэрцогт, Дэлгэрхангай, Хулд, Эрдэнэдалай сумын хөгжлийн бэрхшээлтэй 70 гаруй иргэн оролцож, “Асуудлаас боломж” сэдвээр хэлэлцэн, “Өсөх хандлага” хувь хүний хөгжлийн сертификаттай сургалтад хамрагдан, даам, суугаа волейбол зэрэг спортын төрлүүдээр өрсөлдөн авхаалж самбаа, ур чадвараа сорьжээ.



Мөн энэ үеэр “Гэрэлтдэг ертөнц” ТББ-ын хөдөлмөрийн биржийн мэргэжилтнүүд хөдөлмөр эрхлэлт, ажил хайх чиглэлээр сонирхсон иргэдэд мэдээлэл өгч, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч О.Доржханд 21 иргэнд  сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн төдийгүй “Хос хангай өлзийт” ХХК ортопед болон тусгай хэрэгсэл олгох үйлчилгээ үзүүлсэн байна.


Чуулганы үеэр хувиараа хөдөлмөр эрхлэгч, хөгжлийн бэрхшээлтэй 20 гаруй иргэн сүү цагаан идээ, эсгий урлал, хялгасан эдлэл, шүрэн урлал, монгол дээл хувцас, тэмээний ноосон хувцас зэрэг өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргаж, иргэдэд худалдан борлуулсан төдийгүй, сум сумын үйлдвэрлэгчид харилцан туршлага солилцжээ.



Энэ үеэр зохион байгуулсан “Суугаа волейболын тэмцээн”-д Эрдэнэдалай сумын баг түрүүлж, Дэлгэрхангай, Хулд сумын баг удааллаа.


Харин даамны аварга шалгаруулах эрэгтэй, эмэгтэй төрөлд Эрдэнэдалай сумын иргэн Р.Энхбаяр, Сайнцагаан сумын иргэн Б.Гантуяа нар түрүүлж, Дэлгэрхангай сумын иргэн Ц.Бат-Өлзий, Хулд сумын иргэн О.Саранчимэг нар хоёрдугаар байрт шалгарсан байна.


Ташрамд дурдахад Дундговь аймгийн хөгжлийн бэрхшээлтэй нийт иргэдийн  89 хувийг 26-60 насны иргэд эзэлдэг ба боловсролын нь байдлыг авч үзвэл 47,5 хувь нь бага боловсролоос дээш ямар нэг боловсрол эзэмшжээ. Тодруулбал, тэдгээрийн 6,6 хувь нь дээд, 3,7 хувь нь тусгай дунд, 0,6 хувь нь техник мэргэжлийн боловсролтой ба нийт ХБИ-ийн 51,5 хувь нь ажил хөдөлмөр эрхэлж байна. 




Холбоотой мэдээ