Тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн олон талт түншүүдийн уулзалтад оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-11-01 16:50:35

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн олон талт түншүүдийн 13 дахь удаагийн уулзалт, хуралдаан Тайланд Улсын Чианг Май хотод аравдугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 3-ны өдрүүдэд болж байна.


Энэ удаагийн хурал уур амьсгал, нийгэм эдийн засгийн өөрчлөлтөд мал аж ахуйн салбарын дасан зохицох, тэсвэрлэх чадавхыг сайжруулах олон талт түншүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж байгаа. Тус уулзалтад ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн оролцож байна. Тэрбээр 2018 оноос тус хөтөлбөрийн Удирдах хорооны гишүүнээр ажиллаж байгаа юм.


Монгол Улс Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөртэй нягт хамтран ажилладаг бөгөөд тус хөтөлбөрийн олон талт түншүүдийн 8 дугаар хуралдааныг 2018 онд эх орондоо зохион байгуулсан билээ. Манай улс тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрөө Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөртэй уялдуулан боловсруулж, 2018-202 онд НҮБ-ын ХХААБ болон бусад олон улсын байгууллагатай хамтран амжилттай хэрэгжүүлснийг ХХААХҮЯ мэдээлжээ.



Энэ удаагийн уулзалт, хуралдаанд 35 орны 250 гаруй оролцогч, тэр дундаа Латин Америк, Африк, Азийн орнуудын Хөдөө аж ахуйн сайд нар, төрийн болон олон нийтийн байгууллагын удирдлага, НҮБ-ын ХХААБ түүний харьяа төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллага, мэргэжлийн холбоод, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөллүүд оролцож байна.

Холбоотой мэдээ