OANA-ын Удирдах зөвлөлийн хурлын үеэр МОНЦАМЭ агентлаг АНЭУ, Иран, Казахстаны агентлагуудтай санамж бичиг байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2023-10-31 19:49:44
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Ази, Номхон далайн орнуудын мэдээллийн агентлагуудын байгууллага /OANA/-ын Удирдах зөвлөлийн ээлжит хурал БНТУ-ын Истанбул хотноо 2023 оны аравдугаар сарын 22-25-нд боллоо. Энэ удаагийн хурлыг Турк улсын Anadolu агентлаг зохион байгуулсан юм.


Хуралд Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн орлогч дарга бөгөөд Тамгын газрын дарга Т.Энхтуяа тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.


Энэ жилийн хурал “Худал мэдээлэлтэй тэмцэхэд мэдээллийн агентлагууд хэрхэн хамтарч ажиллах вэ?” ерөнхий сэдвийн дор “Худал мэдээлэлтэй тэмцэж буй байдал”, "Худал мэдээллийн эрин үед мэдээллийн агентлагуудын үүрэг, оролцоо" хэмээсэн хоёр салбар хуралдаанаар үргэлжилж, Азербайжан, Япон, ОХУ, Вьетнам, АНЭУ, БНХАУ-ын мэдээллийн агентлагууд илтгэл хэлэлцүүллээ. Хэлэлцүүлгийн хүрээнд технологийн хөгжил, шинэчлэл, нийгмийн мэдээллийн хэрэгслийн /сошиал медиа/ хөгжлийг дагаад худал мэдээлэл тархах явдал газар авч байна, энэ бүхний уг шалтгаан тухайн редакцын гэхээс илүү иргэний сэтгүүл зүйн хурдтай хөгжилтэй холбоотой тул мэдээллийн агентлагууд баталгаат эх сурвалж болох үүргээ ухамсарлаж ажиллах нь зүйтэй хэмээв. Мөн OANA-ын гишүүн мэдээллийн агентлагуудын хоорондын харилцааг сайжруулж, иргэдийн мэдээллийн үнэн худлыг ялгах чадварыг дээшлүүлэх хүрээнд медиа боловсролыг дэмжих, энэ талын сургалт мэдээллийг холбогдох байгууллагуудтай хамтран хийх зэрэгт анхаарах хандуулах нь зүйтэй байгааг хөндлөө. Түүнчлэн Газын зурваст өрнөж буй үйл явдлын талаар төлөөлөгчид байр сууриа илэрхийлж, газар дээр нь ажиллаж буй сэтгүүлч, сурвалжлагчдын аюулгүй байдлыг хамгаалах шаардлага үүсэж байгааг онцоллоо. 


Хурлын төгсгөлд мэдэгдэл гаргаж, 2024 оны OANA-ын Удирдах зөвлөлийн ээлжит хурлыг Япон улсын Kyodo агентлаг зохион байгуулахаар тогтов.


Истанбул хотноо болсон OANA-ын Удирдах зөвлөлийн хурлын үеэр МОНЦАМЭ агентлаг нь АНЭУ-ын WAM, Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Mehr (MNA) агентлагуудтай шинээр хамтран ажиллах санамж бичиг байгуулсны зэрэгцээ Бүгд Найрамдах Казахстан Улсын "Казинформ" агентлагтай хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчиллээ.


МОНЦАМЭ агентлаг 1981 онд OANA-д гишүүнээр элсэж, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож ирсэн бөгөөд 2010 онд Турк улсын Истанбул хотноо болсон Ерөнхий Ассамблейн хурлаас анх удаа Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож, 2011 онд Улаанбаатар хотноо Удирдах зөвлөлийн хурлыг амжилттай зохион байгуулсан юм. Улмаар 2013, 2019, 2022 онд Удирах зөвлөлийн гишүүнээр улиран сонгогдож, 2016 оноос Техникийн хорооны гишүүнээр ажиллаж байна.











Холбоотой мэдээ