Х.Нямбаатар: Дэлхийн жишгээс харахад төлбөртэй бүс тогтоосноор түгжрэлийг 30 хүртэл хувь бууруулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэл төлбөртэй бүс болгохоор төлөвлөж байна. Төлбөртэй бүсээс 800 метрийн орчим зайд төлбөргүй зогсоолд автомашинаа тавьж, иргэд хотын төв рүү алхах, дугуй скүүтерээр явах боломжтой. Энэ мэт нийслэлийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилготой багц хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьж байна. Хот хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажилдаа орсон тухай Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өнөөдөр мэдээлэв.
Тэрбээр энэ тухай ярихдаа “Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах хууль хэрэгжүүлэх нөхцөлөө бэлдэж байгаа. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 32-ын тойргийн урд талд 500 орчим автомашины зогсоолын барилгын ажил хийж байгаа. Арваннэгдүгээр сарын 10-нд ашиглалтад орно. Зүүн дөрвөн замаас зүүн тийш хувийн ААН, байгууллагуудаас авто зогсоолын газар авах, ашиглах уулзалтууд хийж байна. Баруун дөрвөн замын баруун талд автомашины зогсоол барих газар судалж эхэлсэн. Хан-Уул дүүргийн урд талд ААН-үүдтэй эхний хэлэлцээр эхэлсэн. Бүс дотроо алхах, дугуй, скүүтер унах замуудыг зэрэгцүүлж засах зэрэг бэлтгэл ажлыг хийж байна. Бидний өргөн барьсан хууль муухай харагдаж болно. Гол нь авто замын түгжрэлийг бууруулах нь чухал” гэв.
Тэгвэл уг бүсэд байгаа иргэд яах вэ гэдэг асуулт гарч байгаа юм. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Хууль батлагдсанаар төлбөртэй бүсийн тарифыг шууд тогтоохгүй. Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулсны дараа тарифыг НИТХ тогтоохоор тусгасан. Төлбөртэй бүсийн тарифыг тогтоох бол 0-27000 төгрөг байна. 2000, 5000, 10000 төгрөг ч байж болно. Дэлхийн жишгээс харахад төлбөртэй бүс тогтоосноор түгжрэлийг 30 хүртэл хувиар бууруулсан туршлага бий. Харин төлбөртэй бүс дотор амьдарч байгаа иргэдийг тогтоосон тарифаас 90 хувь хөнгөлнө. Жишээ нь, 1000 төгрөгөөр төлбөртэй нэвтрэх шийдвэр гарлаа гэхэд 100 төгрөг төлнө гэсэн үг. Бүсийг тойрсон автомашины зогсоолуудыг ажлын цагаар үнэгүй байлгана. Зогсоолын багтаамж хүрэлцэхгүй бол давхар зогсоол болгохоор төлөвлөж байна” хэмээн ярилаа.
Харин бусдын
зорчих эрхийг хязгаарлаж буй нь хүний эрхийг зөрчиж байгаа явдал мөн эсэх тал
дээр Х.Нямбаатар “Хүний эрх гэдэг ойлголт бол нийтээрээ хууль
тогтоох байгууллага хэм хэмжээ тогтоож, хязгаарлалт хийхийг хэлж байгаа юм.
Ямар ч хуулийн зохицуулалт хийхгүйгээр яг одоогийнх шигээ түгжрээд байвал дараа
жил гэхэд тэг зогсолт болно. Хэрвээ бид түгжрэл гэдэг зүйлтэй ухаалаг бөгөөд
төлөвлөлттэй байдлаар шийдэл гаргахгүй бол бид дараа жил гэхэд энэ гудамжинд
тэг зогсоно. Одооч үе үе өдөрт 5-6 удаа тэг зогсолт хийгдэж байгаа шүү дээ. Үүнийг
хүний эрх гэх үү. Та бүхэн бодно биз. Би их, дээд сургуулиудад хүний эрхийн
чиглэлээр хичээл зааж байсан. Хүний эрх, эрх чөлөө гэдэг бол тэр хүнд байгаа
хууль тогтоомжоор олгогдож буй эдлэх эрхүүдийг хэлж байгаа юм. Нийтийн сайн
сайхан, ашиг тусын төлөө зарим тохиолдолд зарим эрхүүдэд хязгаарлалт,
зохицуулалт хийдэг. Ингэж ойлгох нь зөв гэж бодож байна” хэмээлээ.