СҮХБААТАР: Мөнххаан сум аюулгүй-ногоон бүс болох зорилт дэвшүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-10-26 14:13:18

Баруун-Урт, 2023 оны аравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Мөнххаан сумын ГХУСАЗСС-ийн өргөтгөсөн хуралдааныг аймгийн Цагдаагийн газраас зохион байгууллаа. Энэ үеэр гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган аюулгүй- ногоон бүс болох зорилтыг тавьж 2024 оны төсөвтөө холбогдох зардлыг суулгана гэдгээ Мөнххаан сумын Засаг дарга Д.Батдэлгэр хэллээ.

 

Хэрвээ ингэвэл Мөнххаан нь аймагтаа төдийгүй улсын хэмжээнд ногоон бүс болсон анхны сум болох юм.

 

Тус сумын хэмжээнд энэ оны эхний 10 сарын байдлаар гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 158 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Зөрчлийн шинжтэй гомдол буурсан ч гэмт хэргийн шинжтэй 72 гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс өссөн байна. Тодруулбал золгүй байдлаар амиа алдах, хүчиндэх, зам тээврийн осол зэрэг гэмт хэрэг өссөн байна. Зөвхөн тус сумын нутаг дэвсгэрт зам тээврийн ослын гэмт хэрэг тав бүртгэгдэж 5 хүн нас барж, 6 хүн бэртэж гэмтжээ. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн долоо хоногт тус сумын нутагт 12 дугаар ангийн хүүхэд машин барьж яваад онхолдож, газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм.  


Тиймээс цаашид авто замын хяналтыг сайжруулах зорилгоор шаардлагатай техник тоног төхөөрөмжөөр хангах, замын туузан хаалтыг зохих газруудад хийх, цагдаагийн албан хаагчийн орон тоог нэмэгдүүлэх, сумын төвийн камержуулалтыг сайжруулж замын тэмдэг тэмдэглэгээг хийх шаардлагатай гэх саналыг цагдаагийн байгууллагаас уламжиллаа.

 

Мөн цагдаагийн байгууллагынхан Мөнххаан сумын ЕБС-ийн 8-12 дугаар ангийн сурагчид болон ахлах ангийн сурагчдын эцэг эхийн төлөөлөлтэй уулзлаа. Бага насны хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс хэрхэн хамгаалах, урьдчилан сэргийлэх, насанд хүрээгүй хүүхдээр авто машин болон мотоцикл жолоодуулахгүй байх, жолоодсон тохиолдолд ямар хуулийн хариуцлага хүлээлгэдэг зэрэг мэдээллийг өгөв. Мөн сурагчид, эцэг эхчүүдтэй харилцан ярилцаж, сургууль дээр, ар гэрт ямар нэг асуудал гарвал нуун далдлах бус цагдаагийн байгууллагад хандаж заавар зөвлөгөө авч байхыг анхаарууллаа.


Сурагчдын хувьд сумын төвийн гэрэлтүүлэг муу, золбин нохой, согтуу хүмүүс гудамж талбайд их байдаг нь айдас төрүүлдэг гэдгийг хэлж байлаа. Үе тэнгийнхний дээрэлхэлт ч байдаг гэв. Харин эцэг эхчүүд сурагчдад электрон тамхи зарж буй дэлгүүрүүдэд хяналт тавьж өгөхийг хүслээ. Энэ бүх асуудалд цагдаагийн байгууллагаас анхаарлаа хандуулж, сум орон нутгийн болон сургуулийн удирдлагуудтай хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.


Өргөтгөсөн хуралд аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү, Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад С.Батхүү, ЗЦТ-ийн ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Батчулуун болон Мөнххаан сумын удирдлагууд оролцлоо. Хүн ам олонтой, газар нутаг томтой тус суманд гэмт хэрэг тэр дундаа зам тээврийн ослын гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байгаа учир урьдчилан сэргийлэх болон гэмт хэргийг бууруулахын тулд хэрхэн хамтран ажиллах, цаашид юун дээр анхаарах шаардлагатай талаар уг хурлаар талууд ийнхүү санал солилцсон юм.

Холбоотой мэдээ