Гэрлээ шилжүүлээгүй 178 жолоочид хариуцлага тооцжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн албанаас шөнийн цагаар үйлддэг зам тээврийн ослыг бууруулах чиглэлээр, Замын хөдөлгөөний дүрмийн 18 дугаар зүйлд заасан гэрэл хэрэглэх журмын хэрэгжилтийг хангах зорилгоор “Гэрэл” нэгдсэн аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Зөрчлийн тухай хуулийн 14.7.41-д холын гэрлээ ойрд шилжүүлээгүй жолоочийг 20 мянган төгрөгөөр торгох заалт бий. Улсын хэмжээнд энэ оны эхний есөн сарын байдлаар 25 мянган жолооч ийм зөрчил гаргажээ. Харин “Гэрэл” хэсэгчилсэн үйл ажиллагааг эхлүүлснээс хойш долоо хоногийн хугацаанд 5000 гаруй зөрчил илрүүлж, хариуцлага тооцсон байна. Тэгвэл өчигдөр гэрлээ шилжүүлээгүй 178 зөрчлийг цагдаагийн албан хаагчид илрүүлжээ.
Жолооч шөнийн
цагаар эсрэг урсгалын, өөдөөс ойртож буй тээврийн хэрэгсэл 150 метр орчимд
дөхөж ирэх үед холын гэрлийг ойрд шилжүүлэх дүрэмтэй. Гэвч гэрэл шилжүүлдэггүй,
үйлдвэрийн бус стандартгүй ойрын гэрэл ашиглаж эсрэг урсгалд явж буй жолоочийн
нүдийг гялбуулж буй зөрчлүүд илэрч байгаа аж.
Холбоотой мэдээ

