Нийтийн аж ахуй үйлчилгээнийхэн чууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. “Нийтийн ахуйн үйлчилгээ 2024” чуулга, хэлэлцүүлэг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулав. Чуулганыг нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг үг хэллээ.
Тэрбээр ахуйн үйлчилгээний салбар нь хөдөлмөр эрхлэлт, өрхийн
орлогыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, ахуйн соёлыг хөгжүүлэх зэрэг нийгэм,
эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан манай улсын ууган салбарын нэг
гэдгийг дурдаад Салбарын хэмжээнд 20 гаруй нэр төрлийн үндсэн үйлчилгээ байгаа
бөгөөд нийгмийн хөгжилтэй уялдан дуудлагын жолооч, цэвэрлэгээ, айл нүүлгэлт,
буяны цогц үйлчилгээ зэрэг үйлчилгээний шинэ нэр төрөл өдрөөс өдөрт нэмэгдэж
байгааг онцолжээ.
Монгол Улсад 2022 оны байдлаар ахуйн үйлчилгээний чиглэлээр
үйл ажиллагаа явуулдаг 9600 гаруй аж ахуйн нэгж, иргэн бүртгэгдсэн. Эдгээр
салбар 6.3 хувь нь нийтийн халуун ус, 28.4 хувь нь үсчин, гоо сайхан, 17.4 хувь
нь хувцас захиалга, засвар, 3.5 хувь нь гэрэл зураг авах, угаах, 1.3 хувь нь
хими цэвэрлэгээ, 2.3 хувь нь ахуйн электрон, цахилгаан хэрэгсэл засвар, 5.1 хувь нь гутал захиалга, засвар, 5.1
хувь нь гэр ахуйн модон эдлэл захиалга, засвар, 2.5 хувь нь алт, мөнгө, үнэт
эдлэлийн захиалга, засвар, 9.9 хувь нь бусад үйлчилгээний чиглэлээр тус тус үйл
ажиллагаа явуулж байна.