ОУХМ Б.Отгонболд: Парисын олимпод өндөр амжилт үзүүлэхийн төлөө зорилгуудаа тодорхойлчихсон

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
n_sarchihg@yahoo.com
2023-10-25 12:22:43

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 25  /МОНЦАМЭ/. Азийн зуны спортын XIX наадмын аварга, байт харвааны тамирчин, ОУХМ Б.Отгонболдтой уулзаж ярилцлаа.


-Азийн наадмын аваргын төлөө харвахдаа эзэн орны тамирчинтай өрсөлдсөн. БНХАУ-ын тамирчин Жи Шиан Шоутай өрсөлдөж, 6:2-оор Азийн наадмын алтан медаль хүртлээ. Байт харваа гэдэг маш их тэсвэр тэвчээр, сэтгэл зүйн өндөр бэлтгэл шаарддаг төрөл. Яг аваргын төлөө харваж байх үеийн сэтгэл зүй хэр байв?

-Азийн наадмын өмнөхөн би нумаа сольсон. Манай байт харвааны тамирчин, Бээжингийн олимпын аварга Д.Баатаржав ахын хүү Б.Золбоогоос шинэ нум авч тохиргоо хийгээд харвахад сумны тусгал их сайжраад оноо маш сайн нэмэгдсэн. Ер нь оноо өндөр байх тусмаа миний сэтгэл зүй сайн болчихдог талтай. Харин оноо дундаж байх юм бол сэтгэл санаа хэлбэлзэх гээд байдаг. Өмнөх нум маань нэг л болж өгөхгүй байсан юм. Харвалтын техник болоод байгаа мөртлөө харвахаар л сум ийш тийшээ болоод байхаар “Энэ нумандаа байгаа юм байна” гээд Б.Золбоо ахаас гуйж байгаад нум аваад харвахад дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц оноог оноод эхэлсэн. Яг тэрийгээ бариад харваад байсан нь надад сайхан мэдрэмж өгч, түүнийгээ дагаад сэтгэл зүйгээ бэлтгээд эхэлсэн. Ийм л бэлтгэлтэй Азийн наадамд оролцсон.


Азийн наадамд харваж байхад бэлтгэл дээр харваж байсан шигээ харвасан нь миний давуу тал болсон байх. Бас өөрийгөө тайван байлгаж чадсан. Яг эзэн орны тамирчинтай харвахын өмнө надад бага зэрэг догдлол байсан. Хүлээлгийн танхимд сууж байхад “Одоо алтан медалийн төлөө харвана. Аль болох тайван байж олимпын эрх авна шүү гэсэн зорилготой” байлаа. Харин нумаа аваад тэмцээний талбай руу гарахад маш тайван болчихсон. Үнэхээр сайхан тайвшраад, тэр хэрээрээ өөртөө итгэлтэй болсон. Эзэн орны тамирчинтай өрсөлдөж байгаа болохоор фанатууд нь үнэхээр айхавтар байсан. Гэхдээ миний хувьд олон хүний орилоон дунд, фанатуудын дэмжсэн уур амьсгал дунд харвахад гоё санагддаг болохоор айж бэргэсэн зүйлгүйгээр харвасан даа.


-Сонин юм. Уг нь өрсөлдөгчийг тань дэмжихээр хор шар хөдлөөд хэцүү биш үү?

-Эсрэгээрээ. Намайг дэмжиж байгаа юм шиг санагдаад гоё байсан.


-Азийн наадмын аварга болсныхоо дараа нүүр номын хуудсандаа “Шантрахгүйгээр өөрийнхөө зорилгод үнэнч байгаарай. Шантрах үе тохиолдсон ч үүнийг сорилт гэж бодоорой” гэж бичсэн байсан. Энэ нь тамирчин хүнд их чухал чанар. Залуу хүний хувьд үүнийг өөртөө хэрхэн бий болгов?

-Хувь хүний хувьд би зарчимч талдаа. Өөртөө зорилго тавьсан л бол түүний ард гарахыг хичээдэг. Чадахгүй зүйлдээ би амлалт өгдөггүй.


-Азийн наадамд өрсөлдөгч нараа ихэвчлэн 6:0-оор буулгаж авсан байдаг. Тэгээд 6:2-оор. Харин ганц харваан дээр 6:5 байсан. Үүний талаар сонирхуулбал?

-Миний хоёр дахь өрсөлдөгч Лондонгийн олимпын мөнгөн медальт, Токиогийн олимпын хоёр хүрэл медальтай, Дэлхийн цом, ДАШТ-ий зөндөө олон медальтай Японы Курикова гэдэг тамирчин байсан. Би 2015 онд Оюутны Универсиадад очихдоо тэр хүнтэй хамт зургаа татуулж байсан, хүндэлдэг тамирчинтайгаа таарсандаа их бэлгэшээсэн. Ер нь миний  зоон их чанга таарч, дандаа шилдгүүдтэй өрсөлдсөн. Гэхдээ чанга учраа таарлаа гээд өөрийгөө айлгаад байхгүй. Ийм тамирчинтай таарлаа, хийх ёстойгоо хийгээд гүйцэтгэнэ шүү гээд харвасан. Японы Куриковатай харвахад би эхэндээ 5:1-ээр хожигдож явсан юм. Дараа нь 5:3 болоод, 5:5 болгоод сүүлд нэг нэг сумаар харвахад үнэхээр хамгийн тайвнаар харвасан. Тэгээд би 10-т оноод өрсөлдөгч маань 9 оноод би хожсон. Дараа дараачийн учраанууд нь олимп, дэлхийн медальтай сайн сайн тамирчинтай харвасан.


Энэ тэмцээний гол давуу тал нь би байж болох хамгийн тайвнаараа тэмцээнд оролцсон явдал. Өмнө нь жаахан догдлолтой, эмээсэн бэргэсэн байдалтай байгаад байсан бол энэ удаад маш тайван байсан нь, бэлтгэл сайн байсан нь, түүнийгээ дагаад сэтгэл зүй өндөр байсан нь амжилтад хүргэсэн байх гэж бодож байгаа.


-Өөрөө бол Дэлхийн цэргийн спортын их наадмын аварга, Азийн цомын тэмцээний мөнгө, хүрэл медальт, Токиогийн олимпод сум тавьж байсан ийм тамирчин. Байт харвааны спортоор 14 жил хичээллэж байгаа харваач. Энэ төрөлд хэрхэн татагдав?

-Би ШУТИС-ийн Геодезийн ангид 4 жил сурсан. Спортоо хөөгөөд амжилтаа ахиулах гээд 3 жил чөлөө авсан байснаа 2 жилийн өмнөөс ҮБТДС руу шилжээд дасгалжуулагчийн ангийг өнгөрсөн жил төгссөн. Карьер дууссан үедээ байт харваандаа хувь нэмрээ оруулна гэсэн бодолтой явдаг. Байтын спортдоо бүх зүйлээ зориулна. Дасгалжуулагч болно гэсэн зорилготой байгаа.


-Удамтай тамирчин гэж сонссон. Үнэн үү?

-Аавын маань аав хоёр чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин, мэргэн бууч хүн байдаг. Ээжийн минь аав үндэсний сурын спортын мастер цолтой, Монголын анхны цахилгааны инженер хүн. Энэ бүхэн надад нөлөөлсөн болов уу гэж боддог.

-Харвааны зурхай дээр зогсож байхдаа ямар нэг сэтгэлийн хөдөлгөөн огт гаргадаггүй юм билээ. Царайны хувиралгүй, нүдний шилтэй нэг хүн гарч ирээд шууд 10-т харваад байсан нь бас сонин. Үнэндээ энэ спортоор хичээллэе гэж зорьж ороогүй юм билээ, тийм үү?

-Манай дасгалжуулагч нар “Алдар” нийгэмлэгийн ойр орчмын сургуулиудаар элсэлт авч явж таараад. Тэр үед би 53 дугаар сургуульд сурдаг байсан юм. Тэгээд ийм спортыг сонирхож байгаа хүүхэд байвал ирж бүртгүүлээрэй гэсэн. Тэр үед нь сонирхоод үзчихье гэж нэрээ бүртгүүлчихээд, 2009 оны хоёрдугаар сарын 1-нд анхны бэлтгэлдээ ирж байлаа. Секцэнд явж эхэлснээс хойш маш удаан хугацаанд, бараг жил шахуу резин татсан л даа, би. Хамгийн анхны харвах мэдрэмж бол үнэхээр төгс байсан. Зүгээр л ямар гоё юм бэ гэж дуу алдмаар. Анхны оролцсон тэмцээндээ би 2 дугаар байрт орсон. Анх харвахдаа салгалаад, зүрх чичрээд, хоёр хөл дээрээ зогсож чадахгүй доошоо уначих гээд. Тэгээд явж байсан чинь 2-т орчихсон байсан. Түүний дараа медальтай тэмцээн таарсан. Тэндээс хоёр хүрэл медаль аваад л энэ спортод буцалтгүйгээр дурласан гэж хэлж болно. Анх “Алдар” спортын “Б” зааланд 100 гаруй хүүхэд нэг талаасаа нөгөө тал хүртэл багтахгүй мушгиралдаад зогсдог байлаа. Тэгээд замын дундаас гарах нь гараад, сургууль, соёл, ажил амьдралаа хөөгөөд явцгаасан. Миний Нэхийт гэдэг найз нэг хэсэг амьдралаа хөөгөөд явснаа эргэж ирээд харваж байгаа ОУХМ байдаг. Тэр 100 гаруй хүүхдээс хоёрхон нь үлдсэн гэхээр ойлгомжтой биз дээ.


“Тэнгэр чамайг харсан бол зовлонг эхэлж өгч сорино. Тэгээд аз  жаргалыг, ухааралтай нь  цуг жил жилээр өгч байдаг” гэх үгэнд би дуртай. Үүнийгээ өөртөө зорилго болгоод хичээж явдаг.

-Зорилго гэснээс миний анхаарлыг нэг зүйл их татсан юм. Өөрөө зорилго тавиад түүнийгээ хэтийн, жилийн, сарын гэж төлөвлөөд тэмдэглэл хөтлөөд явдаг гэж хэлсэн байсан тэр үг. Үүнийг хэрхэн дадал болгов?

-Тамирчин хүнд зорьсон зорилго байх ёстой. Тэгэхгүй бол салхи хаашаа хамхуул тийшээ л болж таарна. Тийм болохоор өөртөө заавал зорилго тавих хэрэгтэй. Зорилгынхоо төлөө зорилтуудаа бичээд түүнийгээ зайлшгүй хийх ёстой. Дундуур нь аливаа аахар шаахар зүйлд автахгүйгээр чи юуны тулд тамирчин болсон билээ гэж бодож зүтгэх нь чухал. Хэтийн зорилгоо би 4 жилээр төлөвлөдөг. 

-Олимпын циклээр үү?

-Яг тийм. Жилийнх нь бол жилийн эцэст би ийм үр дүнд хүрчихсэн байна. Сарынхыг нь сарын дараа ийм үр дүнд хүрсэн байна гэж зорилт болгоод түүнийхээ төлөө тууштай хичээллэдэг. Энэ спортын төлөө би золиос их гаргасан. Бусад хүүхэд тоглож байхад би зааландаа ирээд л харвадаг. Тэгээд хичээлээ хийдэг. Надад оюутан насны дурсамж гэж байхгүй. Тэдэнтэйгээ уулзаж явах цаг зав байдаггүй байсан. Хичээлээ тарж ирээд л бэлтгэлээ хийдэг байлаа.

- Одоо найз охинтой болсон уу?

-Үгүй. Одоогоор олимп л гэсэн том зорилготой байна даа.

-Гар утасныхаа нүүрэн дээр хүртэл ирэх Олимпын эмблем байрлуулсан гэж ярьсан байсан?

-Та үүнийг хар даа. Би Парисын олимпын эмблемийг ингэж хадгалсан. Харах бүрд зорилгоо ухамсарлаж, урам авдаг. /Гар утсаа гаргаж харуулав/.

-Бас хүсэн хүлээж байгаа Парисын олимпоос алтан медаль авна гэж хэлсэн байдаг?

-Би уг нь зорилгоо их нууцалж байсан юм. Тэгтэл яах аргагүй зорилго чинь юу вэ гэж асуугаад байхаар нь өөрийн эрхгүй ам алдаад хэлчихсэн. 

-Байт харваа Азид маш сайн хөгжсөн спорт. Ялангуяа БНСУ-ынхан дэлхийд тэргүүлдэг харваачтай. Азийн наадамд түрүүлсэн хүн Олимпоос хоосон ирнэ гэж бараг үгүй. Алт уу, мөнгө үү л гэж ярина. Үүнтэй санал нийлэх үү?

-Ер нь Азиуд байт харваагаар дэлхийд ноёрхдог нь үнэн. Тэгэхээр тэр мундаг тамирчидтай өрсөлдөж, Азийн наадамд түрүүлсэндээ үнэхээр баяртай байгаа. Одоо бол зорилго тодорхой. Би Парисын олимпод маш өндөр амжилт үзүүлэхийн төлөө зорилгуудаа тодорхойлчихсон байгаа.

Маш шаргуу бэлтгэл хийнэ. Яг одоогийнх шигээ мэдрэмжтэйгээр, сэтгэл зүйгээ хадгалаад оролцоно гэж бодож байгаа. Өндөр амжилт үзүүлэхийн төлөө би хичээнэ, түүнийхээ төлөө шантрахгүй бэлтгэл хийнэ.

-Сэтгэл зүйн бэлтгэл мэдрэмж амжилтаар тодорхойлогдоно. Дэлхийн аварга, олимпын аварга хэн ч байсан огт айдаггүй гэсэн. Сэтгэл зүйн яг ийм бэлтгэлтэй байхад сайн харвах нь тодорхой?

-Тэгэлгүй яахав. Үнэндээ яг харвах гэж байхад өрсөлдөгчөө сайн тамирчин гэдгийг нь мэдэж байгаа ч гэсэн түүнээс айж бэргэх л юм бол, сэтгэл зүйн спорт болохоор зүрхний цохилт шууд нэмэгдээд, урд гар салгалаад эхэлнэ. Түүний дараа гүйцэтгэл чинь муудаад ирэхээр онох магадлал буураад эхэлдэг. Тийм болохоор чиний өрсөлдөгч зөвхөн чи өөрөө. Чи хэр тайван байж чадна, чиний гүйцэтгэл хэр сайн байна вэ, өөрөө өөртэйгээ хэрхэн зөв ажиллаж байна гэдгээс шалтгаалаад чи 10-аас гарахгүй, шар дээрээ л харвана. Тийм болохоор өрсөлдөгчдөө хэт автахгүйгээр өөртэйгөө л сайн ажиллавал амжилт үзүүлнэ. 

-Харваж байх тэр мөчид өрсөлдөгчийнхөө оноог харах боломж байдаг уу?

-Би багштайгаа нэг комбинац зохиочихсон байсан л даа. Хэрвээ намайг оноогоор илүү гараад ирэх л юм “За, одоо маш тайван харваарай гээд хэлчихээрэй. Тэгвэл би сэтгэл зүйгээ удирдаад харвачихна. Хэрвээ оноо ойролцоо юм уу, дутуу байвал та дуугүй л байгаарай. Би хичээдгээрээ хичээх болно. Багш аа, та надад итгээрэй” гээд харвалтуудаа гүйцэтгэсэн.


Хэрвээ өрсөлдөгчийнхөө оноог хараад эхлэх юм бол хэт хичээгээд контролоо алдах учраас багштайгаа тэгж ярилцсан юм. Багш намайг “Одоо тайван 10-т харвачих” гэхэд нь шууд ойлгоод бүр тайван гоё гүйцэтгэлтэй харвасан.

- Тэгэхээр Азийн наадмаар энэ үгийг багшаасаа харьцангүй олон сонссон байх нь?

-Тэгэлгүй яахав. 30-40 хувьд нь тийм үг сонссон чинь хурцлагдаад бүр гоё болсон шүү. 

-Азийн наадмын анхны алтан медалийг байт харвааны төрлөөр авчирлаа. Энэ бол 26 насандаа таны бүтээсэн түүх болж үлдэнэ. Бас энэ удаагийн Азийн наадмын 3 дахь алтан медалийн эзэн. Үнэхээр сайхан мөч шүү?

-Баярлалаа. Би уг нь нөгөө хоёроосоо түрүүлээд финалдсан хэрнээ медалиа сүүлд нь авсан юм. Тэгээд аравдугаар сарын 7-нд алтан медалиа авч таарсан. Гэхдээ энд нэг сонин зүйл нь 2015 оны аравдугаар сарын 7-нд Цэргийн наадмаас аваргын алтан медаль авч байсан юм билээ. Тийм болохоор би аравдугаар сарын 7-ныг өөртөө бэлгэшээлтэй өдөр гэж бодож байгаа.

-Гадаа харвахад 70 м-ээс харвана, байны гол арай том байж таарна. Дотор зааланд бол 18 м-ээс харвана. Мэдээж хэрэг, онох байны зай жижгэрнэ. Аль аль нь хэцүү биз?

-70 метрийн байны гол нь энгийнээр хэлэхэд жүржний хэртэй л байдаг. Түүнийг оновол 10-т гэсэн үг. Заалных бол давжаа алим шиг байгаа байх. Радиус нь их жижигхэн. Зай нь ойртсон мөртлөө бай нь жижгэрчихнэ. Гадны орныхон болохоор байнга гадаа талбайд харвадаг болохоор 70 м-ийн харваанд тэр нь давуу тал болчихдог.

-Байт харвааны спорт нэг хэсэг мартагдсан он жилүүдийг туулсан. Сүүлд нь холбооны удирдлага өөрчлөгдөөд, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 360-ын талбайг өөрсдийн хүчээр бий болгосон. Энэ нь та нарыг амжилт гаргахад тодорхой хэмжээгээр нөлөөлж чадсан уу?

-Чадалгүй яахав. Урьд нь бидэнд гадаа бэлтгэл хийх талбай байхгүй болохоор манай Алдарын хувьд цэргийн ангид очиж хийх ч юм уу, эсвэл Хандгайтад очиж бэлтгэлээ базаадаг байсан. Харин 2018 онд “360 талбай” нээлтээ хийснээс хойш бидний амжилт, оноо маш сайн нэмэгдсэн. 2018 онд түүхэндээ байгаагүй олон дэд мастер, спортын мастерууд төрсөн байдаг. Энэ жил гэхэд 4 ОУХМ төрлөө. Тийм болохоор энэ талбай бидний амжилтад маш их түлхэц өгсөн гэж хардаг.

-Спорт болгон өөрийн онцлогтой, түүндээ таарсан бэлтгэл, ачааллыг тухайн тамирчинд өгдөг. Тэр бэлтгэлийг тэвчиж хийсэн, ачаалал үүрч чадах нь амжилтад хүрдэг. Танай төрлийн хувьд...?

-Манай байт харвааны мэргэжлийн эрэгтэй тамирчин нумаа нэг татахад 20 кг ачаатай тэнцдэг. 300 сум харвалаа гэхэд өдөрт дунджаар 6 тонн ачааллыг бие дээрээ авдаг. Харвачихаад сумаа авахдаа өөрсдөө алхаж очно. Ингэж явахдаа хамгийн багадаа 5 км, тэгээд 20 км хүртэл алхдаг гэсэн судалгаа байдаг.


Тийм болохоор маш их тэсвэр шаардана. Өвөлдөө хүчний бэлтгэлээ хангана. Нумаа татна, нумтайгаа тусгай хүчний бэлтгэлээ хийнэ. Тийм болохоор энэ спортоор хичээллэхийг сонирхож байгаа хүн битгий шантраарай, хичээж л байгаа бол хэзээ нэгэн цагт чамайг амжилт өөрөө тосоод гүйгээд ирэх болохоор зоригтой, хичээл зүтгэлтэй, шантрахгүй байгаарай л гэж хэлмээр байна.

-Тамирчин хүнд нүүр тулдаг нэг хэцүү зүйл бол бэртэл гэмтэл байдаг. Өөрийг тань баруун мөр, зүүн тохойдоо бэртэл авч байсан гэж сонссон. Одоо бүрэн эдгэрсэн үү. Харвахад сэдэрдэг зүйл бий юү?

-2011 онд баруун мөр, зүүн тохойдоо бэртэл аваад сар хэртэй харваж чадаагүй. Онооны хувьд ч уналтад ороод ирсэн. Харин 2015 оноос харвалт жаахан сайжраад шигшээ багт орсон. Тэр үед би туйлдаа хүртэл шантарсан. Бараг больдог ч юм уу гэж бодож байлаа. Шантрахгүй явсны хүчинд л одоо ингээд байж байна. Баруун мөр одоо өвдөхөө больсон. Зүүн тохой их ачаалал аваад олон сум харваад ирэхээр янгинадаг. Тэгээд тохойндоо кист хийгээд харваж байгаа.

-Уучлаарай, таны нүдний шил холынх уу, ойрынх уу. Харааны шил харвалтад нөлөөлөх үү?

-Нөлөөлөхгүй ээ. Одоо шилгүй харж байхад муухан харж байсан ч шилээ зүүчихээр зүв зүгээр. Зүгээр л харвана, ямар ч асуудал байхгүй. Нүдний шилээ авч тавиад харвасан ч гэсэн олон жилийн харвалтын давтамж байгаа болохоор гайгүй харвачихна. Дадал суучихсан байдаг болохоор тэр нэг их асуудал биш.

-Байт харваандаа үнэнч байж дасгалжуулагч болно гэж дээр хэлсэн. Энэ спортыг хэрхэн хөгжүүлбэл ойрын хугацаанд илүү сэргэнэ гэж боддог вэ?

-Азийн наадамд түрүүлсний дараа маш олон найзын хүсэлт, янз бүрийн чат ирсэн. Тэр дундаа энэ спортоор хичээллэхийг зорьж байгаа хүүхэд залуус сэтгэгдэл бичсэн байсан. “Ах аа, баяр хүргэе. Таныг маш их дэмжсэн шүү. Энэ спортоор хичээллэнэ” гэсэн чат их ирсэн байна лээ. Тийм болохоор маш их баяртай байгаа. Багш дасгалжуулагчдынхаа тоог нэмээд бэлтгэл хийх нөхцөлийг нь хангаад, олон клуб нээгдчихвэл сайн хөгжих болов уу гэж боддог. Одоо манай “Алдар” спорт клуб шиг цалинжаад ажилладаг спорт клуб бараг байдаггүй гэж боддог. Эрдэнэтийн “Хангарьд” цалинтай байж магадгүй. Бусад нь цалингүй борх зүрхээрээ харваад, хичээллээд явдаг. Олон компани ивээн тэтгээд хамтраад зүтгэх юм бол амжилт хажууханд байгаа гэж хардаг.

-Монголчуудын цусанд өгөгдсөн нэг өгөгдөл нь яах аргагүй байт харваа гэж боддог юм. Язгуур өв уламжлалд нь байдаг спорт. Үүнийг бид хэдэн зууны тэртээд өвөг дээдсээсээ өвлөж авсан болов уу гэж хардаг. Тийм болохоор хөгжүүлээд явахад ихээхэн амжилтад хүрнэ гэж хүлээдэг төрөл. Байт харваагаар Монгол Улс дэлхийн аваргатай, Олимпын аваргатай, одоо Азийн наадмын аваргатай боллоо?

-Монгол хүн болж төрсөндөө маш их баярлаж явдгаа хэлмээр байна. Хувь хүнийхээ тухайд хүний хамгийн дээд төрөл гэж омогшиж явдаг. Бид ямар сайхан үүх түүхтэй, ямар их өв уламжлалтай, түүх соёлтой улс гүрэн билээ. Тийм ч учраас энэ спортоор хичээллэхэд амжилт гаргах магадлал маш өндөр гэж хардаг. Би чинь монгол хүн шүү гэж омогшоод зурхай руу гарах хэчнээн сайхан гээч. Хэзээ нэгэн цагт Олимпын аварга, хөдөлмөрийн баатар Отгонболд гээд зогсож байхыг үгүйсгэхгүй. Тийм болохоор үүний төлөө уйгагүй зүтгэнээ л гэж хэлье дээ.

Эцэст нь, намайг өдийг хүртэл тусалж дэмжсэн баг хамт олон, дасгалжуулагч багш нар, “Алдар” спортын хороо, Монголын байт харвааны холбоо МБТСУХ, МҮОХ болон сэтгэлээрээ дэмжиж байсан ард түмэн, гэр бүлийнхэн болоод сайхан сэтгэлт хүн бүхэндээ талархсанаа хэлмээр байна.

Холбоотой мэдээ