ДУНДГОВЬ: “Ногоон говь” цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-10-24 09:58:38
altantogos

Мандалговь, 2023 оны 10 дугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Мандалговь хотноо иж бүрэн ногоон байгууламж бүхий спортоор хичээллэх, амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг бүрдүүлсэн “Ногоон говь” цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж, 10 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд 4800 мод тарих ажлыг эхлүүллээ.


2005 оны төгсөгчдийн үүсгэн байгуулсан "Шинэ үе-Ногоон говь хөтөлбөр" ТББ-ын санаачилгаар хэрэгжүүлж буй тус цэцэрлэгт хүрээлэнд 1800 м.кв таримал зүлэг, 400 м гүйлтийн зам, 11 төрлийн 4800 ширхэг мод, элсний волейболын хоёр талбай, хоёр шатлалт усан цөөрөм, жижиг гүүр, хүүхдийн тоглоомын талбай, худалдаа үйлчилгээний хэсэг, гүний худаг, усалгааны систем, дөрвөн сүүдрэвч, гэрэлтүүлэг, 600 м төмөр хашаа, зүлэгт талбай, тайз зэрэг бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөжээ.


Тус цэцэрлэгт хүрээлэнг 2 га газарт байгуулах ба газар олгох, гүний худаг гаргах зэрэг дэд бүтцийн зарим хөрөнгө оруулалтыг аймгийн ЗДТГ-аас шийдэж, 2005 онд тус аймгийн 10 жилийн сургуулийг төгсөгчид болон Спортын холбоо, клубийн сурагчид, Сум дундын ойн анги, Хот тохижуулах газрын алба хаагчид, иргэд мод тарихад хамтран оролцож байна.

Мод тарих ажлыг 2023-2024 онд гурван удаа зохион байгуулах ба ирэх онд бүтээн байгуулалтыг хийж, 2025 онд хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн байна. 







Холбоотой мэдээ