ГССҮТ-ийн салбар эмнэлэг нээгдсэнээс хойш 5700 гаруй хүнд яаралтай тусламж үзүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
b.munkhzul@montsame.gov.mn
2023-10-20 17:43:51

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Бүтэн 10 жилийн турш царцсан хуучнаар Түлэнхийн төв эмнэлэг албан ёсоор нээлтээ хийж, үйл ажиллагаа явуулаад хоёр сар орчмын хугацаа өнгөрчээ. Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлэг өнөөдөр “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулав. Тус өдөрлөгөөр эмнэлгийн үйл ажиллагааг танилцуулж, иргэдэд эрүүл мэндийн үзлэг хийснээс гадна шаардлагатай зөвлөгөө өглөө. Шинээр байгуулагдсан эмнэлэгт осол гэмтлийн яаралтай тусламж, түлэгдэлт, нөхөн сэргээх, гар сарвууны мэс засал, үений эмгэг судлал, сэргээн засах эмчилгээ, чих, хамар, хооло, дурангийн мэс засал, доод мөчдийн гэмтэл, ясны эмгэг судлал, спортын гэмтэл, ясны сийрэгжилт тодорхойлох, биеийн жингийн индекс тодорхойлох гэх мэт олон төрлийн үзлэг, оношилгоог нарийн мэргэжлийн, өндөр ур чадвартай эмч нар хийж байна. ГССҮТ-ийн салбар эмнэлэг буюу хуучнаар Түлэнхийн төвийн шинэ барилга бүрэн ашиглалтад орсноор тусламж үйлчилгээний чанар хүртээмж 25-30 хувиар нэмэгдсэн ажээ.


Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн төвлөрлийг сааруулж, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах хүрээнд салбар эмнэлэгт яаралтай тусламжийг үзүүлж байна. Тодруулбал, гэмтлийн төв эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт илүү хүнд, хавсарсан хам гэмтлийн тусламж үйлчилгээг голчлон үзүүлж байгаа юм. Үүнд, тархины хүнд гэмтэл, цээж хэвлийн хавсарсан гэмтэл, олон мөчдийн гэмтэл, хутга болон том хэмжээний шарх, том судасны гэмтэл, амь тэнссэн үеийн яаралтай тусламж гэх мэт хамаарч байна. Харин осол гэмтлийн үеийн хөнгөн гэмтлийн яаралтай тусламжийг Сүхбаатар дүүргийн долдугаар хороо 11 дүгээр хороололд байрлах Салбар эмнэлэг буюу хуучнаар Түлэнхийн төвийн шинэ байранд 24 цагаар, харьяалал харгалзахгүй үзүүлж байгаа юм. Ингэснээр ахуйн осол, хугарал мултрал, шарх, үе мөчдийн гэмтэл, зөөлөн эдийн гэмтэл зэргийг заавал төв эмнэлэг рүү замын түгжрэлд орон цаг хугацаа алдах шаардлагагүй авах боломж бүрджээ. Ачаалал ихтэй төв эмнэлэг дээр хүнд хүмүүстэй дараалал үүсгэн хүлээж зогсох шаардлагагүй болсон байна. 

“Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн зарыг сайн түгээсэн бололтой. Бага үдийн 11:30 цагийн үед очиход хүний хөдөлгөөн ихтэй байлаа. Ялангуяа ясны сийрэгжилт тодорхойлох, биеийн жингийн индекс тодорхойлох, спортын бэртэл гэмтэл болон үеийн эмгэг судлалын үзлэг дараалал ихтэй байв.


Энэхүү өдөрлөгийн үеэр ГССҮТ-ийн ерөнхий захирал Э.Галбадрах ярихдаа “Салбар эмнэлэг маань 250 ортойгоор үйлчилгээ явуулж байна. Энэ өдөрлөгийг зохион байгуулж буй гол шалтгаан нь төв эмнэлгийн ачааллыг багасгаж, салбарынхаа үйл ажиллагаа олон нийтэд сурталчлах зорилготой юм. Төв эмнэлэг жилд дунджаар 150 мянга, өдөрт 500 орчим хүнд үйлчилдэг. Эндээс харахад ачаалал их, иргэдийн хүлээлт их байна. Салбар эмнэлэг дээр яаралтай тусламжийг 24 цагаар үзүүлэх бүрэн боломжтой. Тоног, төхөөрөмж бүх зүйл нь бий. Төв эмнэлэг дээр хүнд бэртэл, гэмтэлтэй хүмүүсээ хүлээж авдгаараа авна. Харин хөнгөн гэмтэлтэй хүмүүс маань хүлээлт ихтэй, дараалалд удаан сууснаас үүдэн бухимдаж, стрессдэг. Үүнийг багасгах шаардлага гарч байна. Салбар эмнэлэг өдөрт 150 орчим хүнд яаралтай тусламж үзүүлэх чадалтай. Тиймээс иргэдэд тусламж, үйчилгээг ойртуулах, чирэгдэл багатай үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэхийг зорьж байна. Нөгөө талаар манай салбар эмнэлэг өнөөдөр таван том тасгаас бүрдсэн. Өмнө нь хоёрхон тасагтай байлаа. Тэгвэл өнөөдөр спорт гэмтэл, ясны эмгэг, гар сарвуу, нөхөн сэргээх, үений дунд мөчдийг эмчлэх тасагтай болсон. Хүртээмж нэмэгдэхийн хэрээр чанар ч сайжирч эхэлсэн” гэв.



ГССҮТ-ийн салбар эмнэлэг үүд хаалгаа нээснээс хойш 5700 гаруй яаралтай тусламж үзүүлсний 3100 нь хүүхэд байгаа юм. 3100 хүүхдийн дийлэнх хувийг түлэгдэлт эзэлж байгааг мэргэжлийн эмч нар онцоллоо. Тиймээс иргэдийг анхаарал болгоомжтой байж, хүүхэд түлэгдэх аваар ослоос урьдчилан сэргийлэхийг сануулж байна. Гэр хороололд байдаг, тэр тусмаа монгол гэрт амьдардаг айл өрхүүд халуун тогоог ихэвчлэн газар тавьж хоол, цайгаа хийдэг. Үүнээс улбаалж 1-5 насныхан халуун тогоонд түлэгдэх, халуун хоол татаж өөр рүүгээ асгах, буцалсан шөл, цай руу гараа дүрэх гэх мэт тохиолдол буурахгүй байгаа юм. Тэгвэл амбулаторийн үзлэгээр 8400 гаруй хүн үйлчлүүлсний 50 хувь нь буюу 4000 гаруй нь хүүхэд байна. Тус эмнэлэг байгуулагдсанаас хойш 797 мэс засал хийжээ. Хэдийгээр байгуулагдаад хэдхэн сар болж бус тус эмнэлгийн хувьд энэ нь өндөр үзүүлэлт ажээ. ГССҮТ-өөс гаргасан судалгаагаар 2022 онд 6333 хүн түлэгдсэний 70 хувь нь хүүхэд байна. Тэгвэл Зам тээврийн осолд өртсөн 21100 тохиолдол бүртгэгдсэн аж.


ГССҮТ-ийн салбар эмнэлгийн хоёр чухал хэсгийн нэг нь нөхөн сэргээх эмчилгээний тасаг. Тус тасаг долдугаар сард нээгдсэнээс хойш 200 гаруй мэс засал хийжээ. Үүнээс 60 гаруйг нь нөхөн сэргээх, сорвины хагалгаа эзэлж байна. Зуны гурван сарын хугацаанд ихэвчлэн хүүхдүүдэд арьс нөхөх, сорви арилгах мэс засал хийсэн бол өдгөө 60 орчим хүн ээлж дарааллаа хүлээж байгаа аж. Салбар эмнэлгийн нөхөн сэргээх тасгийн эрхлэгч ярихдаа “Ахуйн холбогдолтой гэмтэл зонхилох хувийг эзэлж байна. Үүний дийлэнх нь хүүхэд. Тиймээс ахуйн гаралтай түлэгдэлтээс сэргийлж, анхаарал болгоомжтой байгаарай гэж хэлмээр байна. Нөхөн сэргээх мэс засал хийхдээ ихэвчлэн хөдөө, орон нутгийнхныг дуудаж байгаа юм” гэв. Тус тасаг нь гэмтэл болон гэмтлийн бус гаралтай зөөлөн эдийн дутмагшил, нөхөн сэргээх эмчилгээг хийдэг байна.   



Тэгвэл нөгөө чухал хэсэг нь спортын бэртэл гэмтлийн төв юм. Сүүлийн үед монголчууд спортоор хичээллэж, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих нь эрс нэмэгдсэн. Энэ нь сайн боловч үүнийгээ дагаад санамсар, болгоомжгүйгээс үүдэлтэй спортын гэмтлийн тоо эрс өсчээ. Тэр хэрээр энэ төвөөр үйлчлүүлэх иргэдийн тоо их байгаа юм. “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үеэр хамгийн олон үйлчлүүлэгчтэй байлаа. Тус төвөөр үйлчлүүлж буй иргэдийн 80 хувь нь өвдөг, шагайн гэмтэлтэй хүмүүс байдаг аж. Зааланд тоглохдоо санамсаргүйгээр шагайгаа далий гишгэх, унахдаа өвдгөө гэмтээх тохиолдол их байгааг онцолж байна. Мөн мөр, тохойн гэмтэл нэмэгдсэнийг онцоллоо. Спортын бэртэл, гэмтлийг төвийг шинээр нээснээс хойш дурангийн 10 гаруй мэс засал хийжээ. 



Холбоотой мэдээ