Барилга ашиглалтад хүлээн авах комиссын бүрэлдэхүүнд хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж байна.
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хуулийн төслийн талаарх танилцуулгадаа "Хүүхдийн эрхийн тухай хуулиар үүрэг хүлээсэн төрийн бүх шатны байгууллага, хүн, хуулийн этгээдийн үүрэг, оролцоотой уялдуулж Засгийн газар хүүхэд хамгааллын байгууллагын удирдлага, зохион байгуулалт, хамгааллын үйлчилгээний хэлбэр, кэйс менежмент, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлж хуулийн давхардал, хийдлийг арилгаж, гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын тогтолцооны эрх зүйн үндсийг бий болгохыг зорьсон. Тухайлбал, хуулийн үйлчлэх хүрээг Монгол Улсын нутаг дэвсгэрт түр болон байнга оршин сууж байгаа хүүхэд Монгол Улсын харьяат эсэхээс үл хамааран үйлчлэх, хүүхэд хамгааллын тогтолцоог өргөжүүлж, хүүхдийн төлөө үндэсний болон орон нутгийн зөвлөл, нутгийн өөрөө удирдах байгууллага, бүх шатны Засаг дарга, нийгмийн ажилтан хамтарсан ба хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны чиг үүрэг, сум хороонд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтныг хүүхэд, гэр бүлийн удирдлагад ажиллуулах, Хүүхэд хамгааллын нэгдсэн мэдээллийн сан, хүүхэд хамгааллын цахим хувийн хэрэг үүсгэж ашиглах нэмэлт өөрчлөлтийг тусгасан.
Мөн гэр бүл, нийгмийн орчинд хүүхэд хамгаалах харилцааг өргөжүүлж, шинээр хурдан морины уралдаанч хүүхдийг хамгаалах, гамшиг, онцгой нөхцөл байдлын үеийн хүүхэд хамгааллын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь хамгааллын үйлчилгээний түвшин, кэйс менежментийн алхам хүүхэд хамгааллын мэргэжлийн удирдлага, хүүхэд хамгааллын үйлчилгээний санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгож, үйлчилгээний хэлбэр тус бүрээр тусгах зардлыг кэйст тулгуурлан тогтоох, хуулийн этгээд цалингийн нийт сангийн нэгээс доошгүй хувьтай тэнцэх хөрөнгийг хүүхэд хамгааллын бодлогод төсөвлөхөөр тусгалаа.
Түүнчлэн төсөлд хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх түвшний үйлчилгээг мэргэшсэн төрийн бус байгууллага, олон нийт сайн дурын ажилтны дэмжлэг туслалцаа, хүүхдийн оролцоотойгоор зохион байгуулж, барилга байгууламж, авто зам, замын байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд хүүхдийн эрхийн улсын байцаагч эсвэл хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг магадлан итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн төлөөлөл оруулах, хүүхдийн эрхийн улсын байцаагчийн эрх зүйн байдлыг тодорхой болгож, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр, төрлийг тодорхойлох, хөгжлийн үйлчилгээний аргачлал, нормативыг батлах зэрэг нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулсан" гэлээ.
Хууль батлагдсанаар хүүхэд хамгаалах төрийн байгууллагын бүтэц, тогтолцоо, чиг үүрэг бүх түвшинд тодорхойлогдож, анхан шатанд сайжирч, хүүхэд хамгааллын үйлчилгээг мэргэжлийн түвшинд шаардлагатай хүүхэд бүрд хүргэх боломж бүрдэнэ. Гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын тогтолцоо бэхэжнэ. Хүүхэд хамгааллын үйлчилгээний түвшин, үйл явц, хүүхэд хамгаалалд зориулсан төсвийн үр ашиг, өгөөж сайжирч, хамгаалал шаардлагатай хүүхэд бүрд чанартай, цогц үйлчилгээг үзүүлэх эрх зүйн орчин боловсронгуй болно гэж төсөл санаачлагчид үзжээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулж гишүүд асуулт асууж, хариулт авч байна.