Валютын нөөцийг нэмэгдүүлэх замаар ханшийг тогтвортой байлгах санал тавив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-10-19 09:05:59

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монголбанкнаас “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг бизнес эрхлэгчдийн төлөөлөлд өчигдөр танилцуулав.


Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир оролцогчдод “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төсөлд тусгасан заалт, зорилтуудыг дэлгэрэнгүй мэдээллээ.


Тэрбээр, Монголбанкнаас “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг боловсруулан УИХ-д өргөн бариад байгаа бөгөөд Төв банкны хувьд төслийг батлахаас нь өмнө олон нийтэд нээлттэй танилцуулж, мэргэжлийн хүрээнийхний санал, зөвлөмжийг тусгахыг чухалчилж буйг хэллээ. Энэ хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг, мэдээлэл өгөх уулзалтуудыг үе шаттай зохион байгуулж байна гэв.


Ирэх оны төрийн мөнгөний бодлого нь инфляцыг тогтворжуулах замаар эдийн засгийн өсөлтийг хангах суурь нөхцөлийг бий болгоход дэмжлэг үзүүлэхийг зорьж байна. Энэ хүрээнд Монголбанк инфляцыг онилох мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх суурь дэд бүтцийг дараагийн шатанд гаргах замаар дунд хугацааны инфляцыг 6+/-2 нэгж хувийн интервалд тогтворжуулахаар тусгажээ.


Хэлэлцүүлэгт оролцогчид улсын гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх замаар ханшийг тогтвортой байлгах, бодлогын хүүг бууруулах боломжийг эрэлхийлэх, олон нийтийг санхүүгийн залилангаас сэргийлэх зэрэгт Төвбанк анхаарлаа хандуулж, улам идэвхтэй ажиллахыг хэллээ.


Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн Танхимын ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван нар оролцож үг хэлэв


Холбоотой мэдээ