ДУНДГОВЬ: Нэг төгсөгчийг шалгаруулж, "Өлзий багш" сангийн тэтгэлэгт хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-10-17 10:19:25
altantogos

Мандалговь, 2023 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат багш Н.Өлзийн нэрэмжит “Өлзий багш” сангаас 2022-2023 оны хичээлийн жилд “Цэгц билиг” сургуулийн 12 дугаар анги төгсөгчид болон багш нарын дунд тэтгэлэгт хөтөлбөр зарлав.


Дундговь аймгийн Сайнцагаан сумын математикийн гүнзгийрүүлсэн сургалттай “Цэгц билиг” сургууль сурагчдынхаа математик сэтгэлгээг хөгжүүлэх, шинжлэх ухааны бусад салбарт амжилттай суралцах нөхцөлийг бүрдүүлэх, улмаар зах зээлийн нийгэмд бие даан амьдарч, сурч хөдөлмөрлөх, мэргэжил боловсролоо дээшлүүлэх чадвартай иргэн болгон төлөвшүүлэх эрхэм зорилготойгоор ажилладаг.


Энэхүү зорилгын хүрээнд тус сургууль “Өлзий багш” сантай хамтран жил бүр сургуулиа амжилттай төгссөн, сурлага, спорт, урлаг болон бусад төрлөөр амжилт гаргасан нэг сурагчийг “Өлзийт төгсөгч”-өөр, математикийн улсын болон нэрэмжит олимпиадад амжилттай оролцон, шавь нараа хөгжүүлсэн, математикийн арга зүйд шинэ дэвшил гаргасан нэг багшийг “Өлзийт багш”-аар шалгаруулж, нэг сая төгрөгийн мөнгөн тэтгэлэг олгож, олон нийтэд сурталчлан таниулдаг юм.


2022-2023 оны хичээлийн жилд тус сургуулийн 12 дугаар ангийг 51 хүүхэд төгсөж, ОХУ болон дотоодын 13 их, дээд сургуульд 100 хувь элсэн суралцаж байна.  Тодруулбал, 13 төгсөгч АШУИС, 9 төгсөгч ШУТИС, 14 төгсөгч МУИС, 4 төгсөгч МУБИС, 3 төгсөгч СЭЗИС-д элсэн орсон ба ОХУ-ын дээд сургууль, Дотоод хэргийн их сургууль, ХААИС, Их засаг, Идэр дээд сургууль, Рояал ОУИС, СУИС зэрэг сургуульд тус бүр нэг сурагч суралцаж байгаа ажээ.



Холбоотой мэдээ