СҮХБААТАР: Дарьганга суманд өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-10-07 10:08:00

Дарьганга, 2023 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын баг Дарьганга суманд ажиллаж байна.


Сумын Засаг дарга Д.Болдбаатар болон төсөвт байгууллагын удирдлагууд үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өглөө. Сумын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна


Халаалт дулааны шугам, уурын зуухаа бүрэн шинэчилсэн. Нэгдсэн халаалтад асуудал үүсэхгүй гэлээ. Мөн зуншлага сайн байсан. Үүнтэй холбоотойгоор орон нутгийн бүх малчин өрх буюу нийт 400 гаруй мянган толгой мал сумандаа өвөлжинө. Сумын хэмжээнд хадлангийн 17 салаа гарсан. Энэ өвөл сумын аюулгүй нөөцөд зуун тонн өвс нөөцлөхөөр төлөвлөснөөс 20 гаруй тонныг бэлтгэсэн байна. Мөн 60 тонн тэжээл бэлтгэхээр төлөвлөжээ.


Сургууль, цэцэрлэг, Эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллага хэвийн явагдаж байна. Шаардлагатай боловсон хүчнээр бүрэн хангагдсн байна. Цэцэрлэгийн хувьд шинэ барилгын ажил үргэлжилж байгаа, үлдэгдэл санхүүжилтийг ирэх оны улсын төсөвт тусгуулах нь чухал байгаа. Одоогоор хуучин барилга болон хоёр гэр цэцэрлэгт үйл ажиллагаа явуулж байна. Гэр цэцэрлэг нь галлагаатай. Энэ нь бага насны хүүхдэд эрсдэлтэй гэж үзээд аймгийн Засаг дарга тус сумын цэцэрлэгт гэр дулаалгын чип багц хоёрыг олгохоор шийдвэрлэв. Мөн ЭМТ-д нэн шаардлагатай байгаа туулах чадвар сайтай авто машиныг энэ ондоо багтаан олгохоор боллоо.

Холбоотой мэдээ