ДУНДГОВЬ: Хамтарсан зөвлөгөөн зохион байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2023 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Прокурорын газраас Цагдаагийн газартай хамтарсан зөвлөгөөн зохион байгуулжээ.
Уг зөвлөгөөнөөр тус аймаг дахь эрүүгийн нөхцөл байдал,
гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй арга хэмжээ, мөрдөн шалгах
ажиллагааны чанар, эрүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлэж буй байдал, анхаарах
асуудал, хүндрэл бэрхшээлийн талаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тус
аймгийн хэмжээнд теле-хяналтын камерын системийг нэмэгдүүлэх шаардлагатай
байгаа ба энэхүү асуудлыг холбогдох газарт уламжлах, хяналт шалгалтын үр дүнг
тооцох, мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг сайжруулах замаар
шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, хүний эрхийг тууштай хангах зорилгоор аян зохион
байгуулах зэрэг ажлыг зохион байгуулж, үр дүнг эргэж тооцохоор болжээ.
Энэ үеэр тус аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн удирдлага, шинжээч нар “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх тухай мэдээлэл өгч, хэлэлцүүлэг зохион байгууллаа гэж аймгийн Прокурорын газраас мэдээлэв.