Умард Солонгосын хүндийг өргөгч дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТХАНЖӨҮ, 2023 оны аравдугаар сарын 3 /Xinhua/. Өчигдөр Ханжөүгийн Азийн наадмын эмэгтэйчүүдийн хүндийн өргөлтийн 59 кг-ын жингийн тэмцээнд Умард Солонгосын тамирчин Ким Ил Гён огцом өргөлтөөр 111 кг, түлхэлттэй өргөлтөөр 135 кг, нийлбэр дүнгээр 246 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, огцом өргөлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
Ким Ил Гён Хятадын Тайванийн тамирчин, Олимпын аварга Го Синжунийн эзэмшиж байсан өмнөх амжилтыг нэг кг-аар ахиулсан байна. Мөн Умард Солонгосын өөр нэг хүндийг өргөгч Рим Ун Сим 64 кг-ын жинд огцом өргөлтөөр 111 кг, түлхэлттэй өргөлтөөр 140 кг, нийлбэр дүнгээр 251 кг өргөж алтан медаль хүртжээ. Тэрбээр таван жилийн өмнө Жакартад болсон Азийн наадмын эмэгтэйчүүдийн 69 кг-ын жинд алтан медаль хүртэж байсан юм.
Үзэгчдийн анхаарлыг
ихэд татсан уг тэмцээний үеэр Ким Ил Гён гурав дахь өргөлтөөрөө 111 кг-ыг толгой
дээрээ өргөн гаргасан нь
Хятадын өрсөлдөгч Луо Шифанаас дөрвөн кг-аар илүү байлаа. Л.Шифаны хувьд
нийлбэр дүнгээр 240 кг өргөж мөнгөн медалийн эзэн болсон байна.
Умард Солонгосын
багийн дасгалжуулагч хэлэхдээ, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тус улсын баг тамирчид Токиогийн Олимпын наадам зэрэг олон тэмцээн уралдаанд оролцож чадаагүйг
дурдаад, хүндийг өргөгчид маань Ханжөүгийн Азийн наадамд шаргуу бэлдсэн хэмээн
ярилаа.
Харин Токиогийн
Олимпын наадмын эмэгтэйчүүдийн 59 кг-ын төрөлд алтан медаль хүртсэн Тайванийн
тамирчин Го Синжунь энэ удаагийн тэмцээнд 227 кг-ыг өргөснөөр хүрэл медалийн
болзол хангажээ. Түүнчлэн 64 кг-ын төрөлд Хятадын 18 настай тамирчин Пей Шини /234
кг/ мөнгө, Филиппиний тамирчин Элрин Энн Андо /222
кг/ хүрэл медаль хүртсэн байна.
Умард Солонгосын эмэгтэй хүндийг өргөгчид Ханжөүгийн Азийн наадмаас дөрвөн алтан медаль хүртэж, дэлхийн зургаан дээд амжилт тогтоогоод байна. Аравдугаар сарын 2-ны оройны байдлаар, тус улсын баг тамирчид долоон алт, 10 мөнгө, таван хүрэл, нийт 22 медаль хүртсэн амжилтаар медалийн хүснэгтийн наймдугаарт бичигдэж байна.