С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
n_sarchihg@yahoo.com
2023-10-02 12:45:14

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Ардчиллын алтан хараацай, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны хөшөөнд Ардчилсан намын удирдлагууд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

 

Тус хүндэтгэлийн үйл ажиллагаанд Ардчилсан намын Тэргүүн дэд дарга С.Баярцогт, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Пүрэвдорж, Н.Ганибал, Б.Бейсен, Ардчилсан намын дэд дарга И.Мөнхжаргал, С.Буяндэлгэр, Ц.Жадамбаа, Улс төрийн зөвлөлийн гишүүн М.Чимэддорж, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны дарга Б.Энхмөнх, Ардчилсан намын даргын зөвлөх Н.Тэгшбаяр, Ардчилсан намын Намын байгуулалт хариуцсан нарийн бичгийн дарга Ж.Өнөржаргал, Намын байгуулалтын газрын дарга О.Мөнхбаяр, НИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсан, Т.Батцогт, М.Тулгат, Б.Эрдэнэсүх, ҮБХ-ны гишүүдийн төлөөлөл оролцсон юм. 

Хүндэтгэлийн арга хэмжээг нээж, Ардчилсан намын Тэргүүн дэд дарга С.Баярцогт үг хэлэхдээ “Ардчилал тийм амар ирээгүй юм. Энэ арга хэмжээ бол нэг талаасаа хүндэтгэл, нөгөө талаасаа сануулга. 25 жилийн туршид хууль хүчний байгууллага энэ хэргийн эзэн холбогдогчийг тогтоож чадалгүй өдий хүрлээ. Тиймээс Төр, засагт сануулга хүргэж байгаа юм” гэлээ. Мөн АН-ын зүгээс жил бүрийн аравдугаар сарын 2-ны өдөр Хүний эрхийн форумыг зохион байгуулж байхаар болсныг хэлсэн.

 

“Тэртээ 33 жилийн өмнө С.Зориг тэргүүтэй ардчиллын алтан хараацайнуудын бидэнд өвлүүлэн өгсөн ардчилал, эрх чөлөө, шударга ёсны үнэт зүйлийг хадгалан өвлүүлэх, хайрлан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх их үүрэг бидний өмнө бий” гэдгийг үг хэлсэн хүмүүс онцолж байлаа. 

Холбоотой мэдээ