Азийн наадмыг мэргэн буучид 1 хүрэл медальтай өндөрлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-09-30 12:45:01

Улаанбаатар, есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/.  “Ханжөү-2022” XIX Азийн наадмын гар бууны тэмцээн өнөөдөр холимог багийн төрлөөр өндөрлөлөө.

 

Хоёр дахь удаагаа Азийн наадмын хөтөлбөрт багтсан холимог багийн төрөлд Токиогийн Олимпод хамтдаа холимог хосын багийг бүрдүүлж байсан ОУХМ Ц.Анударь, Э. Даваахүү нар энэ удаа бас төлөөлөн өрсөлдөж, 9-р байрт шалгарлаа.


Тус бүр 30 сум буудаж өрсөлдөхөд Ц.Анударь 282 оноо, Э.Даваахүү 288 оноо, нийлбэр 570 оноо авсан байна.

 

Шигшээ өрсөлдөөнд шилдэг зургаан баг шалгаран үлдсэн ба манай баг 6-р байр эзэлсэн Пакистаны багаас 3 оноо дутуу буудаж медалийн төлөөх өрсөлдөөнөөс хасагдсан юм. Ийнхүү энэ удаагийн Азийн наадмыг манай мэргэн буучид 1 хүрэл медаль хүртсэн амжилтаар өндөрлүүллээ. 


Урьдчилсан буудлагад Энэтхэгийн хос Сарабжот Сингх, Дивиа Тадигол нар 577 оноогоор Азийн наадмын урьдчилсан буудлагын дээд амжилтыг шинэчлэн тэргүүлжээ.


Энэ удаагийн Азийн наадамд Энэтхэгийн баг тамирчид онцгой сайн байгаа нь спорт сонирхогчдын анхаарлыг татаж байгаа төдийгүй Барселоны олимпийн хүрэл медальт, МУГТ, Д.Мөнхбаяр тус улсын мэргэн буучдыг дасгалжуулж байгаатай холбон тайлбарлаж байна.

 

Холбоотой мэдээ