Ханжөү-2022: Умард Солонгосын баг анхны алтан медалиа хүртлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2023-09-29 12:35:06

ХАНЖӨҮ, 2023 оны есдүгээр сарын 29 /Korea Times/. Умард Солонгосын баг тамирчид Азийн XIX наадмын анхны алтан медалиа пүрэв гарагт хийн гар бууны 10 м-ийн төрөлд хүртлээ. 


Ханжөү хотын Fuyang Yinhu спортын ордонд болсон эмэгтэйчүүдийн хийн бууны 10 м-ийн багийн төрөлд Умард Солонгосын тамирчин Ри Жи Хе, Паек Ок Сим, Пан Мён Хян нар нийт 1655 оноо авснаар тэргүүн байр эзэлжээ. Харин Казахстаны баг 1642 оноогоор мөнгө, Индонезийн баг 1604 оноогоор хүрэл медалийн болзол хангасан байна.


Умард Солонгос пүрэв гаргийг хоёр мөнгөн медаль хүртсэн амжилтаар эхлүүлсэн бөгөөд хоёуланг нь буудлагын төрөлд хүртжээ. Тодруулбал, Квон Кван Ил эрэгтэйчүүдийн хийн гар бууны 10 м-ийн төрөлд мөнгөн медаль хүртсэнээс гадна Пак Мён Вон, Ю Сон Жун нартай хамтран 10 м-ийн багийн төрөлд мөнгөн медалийн эзэд болжээ. Пүрэв гарагт мөн Умард Солонгосын гимнастикч Ан Чан Ок эх орондоо хоёр алтан медалийг авчирчээ.


Умард Солонгосын баг тамирчдын хувьд энэ удаагийн Азийн наадам нь 2018 онд Индонезид болсон Азийн наадмаас хойш оролцож буй олон улсын анхны тэмцээн юм. Тус улс  2021 оны Токиогийн зуны Олимпын наадмыг COVID-19” цар тахлын улмаас алгассан бол Олон улсын олимпын хорооноос Умард Солонгосын тамирчдыг 2022 оны Бээжингийн Олимпод оролцохыг хориглосон билээ.


Уг шийдвэрийн хугацаа өнгөрсөн оны сүүлээр дууссанаар Умард Солонгос COVID-19-ийн улмаас нэг жилээр хойшилсон Ханжөүгийн Азийн наадамд оролцох боломжтой болжээ. Пүрэв гаргийн оройны байдлаар, Умард Солонгосын баг тамирчид гурван алт, таван мөнгө, дөрвөн хүрэл медаль, нийт 12 медаль хүртсэн амжилтаар медалийн хүснэгтийн 10 дугаарт бичигдэж байна.




Холбоотой мэдээ