“Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ыг хэлэлцлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
192@montsame.mn
2023-09-28 15:51:14

Улаанбаатар, 2023 оны есдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Шүүхийн захиргааны ажилтнуудын анхдугаар зөвлөгөөн Төрийн ордонд болж, “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.


Шүүхийн тухай хуульд шүүх эрх мэдэл, хөгжлийн бодлоготой байхаар заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-өөс шүүхийн дээрх баримт бичгийн төслийг боловсруулж, цувралаар хэлэлцүүлэн холбогдох байгууллагууд болон бүх шатны шүүх, шүүгчдийн саналыг авчээ.


Өнөөдөр болж буй Шүүгчдийн анхдугаар зөвлөгөөнөөр сүүлийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг баримт бичгийг Улсын дээд шүүх болон Засгийн газартай зөвшилцөн хариу ирүүлсэн. Улмаар удахгүй УИХ-д уламжилж хэлэлцэн батлах талаар ШЕЗ-ийн гишүүн Д.Зүмбэрэллхам мэдээлэв.


Зөвлөгөөний эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ирүүлсэн илгээлтийг Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал уншиж танилцууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч илгээлтдээ, “Та бүхэн шүүхээр эрхээр хамгаалуулахаар ирсэн иргэдийг анхлан тосож авч, үдэн гаргадаг, шүүхийн нүүр царай болдог нэн чухал хариуцлагатай албан хаагчид юм. Иймд та бүхэн мэргэжлийн ёс зүй, сахилга хариуцлагыг чанад сахиж, хичээн хөдөлмөрлөх ёстойг онцгойлон анхааруулж байна” гэжээ.


Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын баримт бичгийн гол агуулга, үнэт зүйлс нь бүхэлдээ шүүх иргэдэд шударга, чанартай үйлчилгээг хүргэж, тэдний эрхийг хангахад чиглэж байна. 


Зөвлөгөөнөөр “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого, стратеги зорилтууд”, “Цогц чадамжтай, мэргэшсэн, тогтвортой шүүхийн захиргаа” сэдвээр ШЕЗ-ийн гишүүн Н.Отгончимэг, А.Отгонцэцэг нар илтгэл тавьж, УИХ-д уламжлах “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого” баримт бичгийн төсөл, шүүхийн захиргааны төв байгууллагын бодлого, хэрэгжүүлж буй ажлыг танилцууллаа.


Шүүхийн ажилтнуудын зөвлөгөөнд Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-ийн ажлын алба, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, Сахилгын хороо, бүх шатны шүүхийн Тамгын газрын 800 гаруй албан хаагч оролцож байна.


Монгол Улс 1992 онд ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжиж шинэ Үндсэн хуулиа баталснаар хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэсэн засаглалын гуван салаа мөчир харилцан хяналт тавин, тэнцвэртэй ажиллаж шүүх эрх мэдлийн гагцхүү шүүх бие даан хэрэгжүүлэх эрх зүйн үндэс бүрдсэн юм.


Үндсэн хуулийн дагуу шүүх байгуулах тухай 1993 оны хуулийн дагуу ШЕЗ-ийг байгуулснаас хойш өнөөдөр 30 жилийн ойтой золгож байна. Энэ ойг тохиолдуулан өнөөдөр анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа юм.

Холбоотой мэдээ