Ираны эрэгтэй волейболчид Азийн наадмын аварга боллоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТХАНЖӨҮ. /Xinhua/. Өчигдөр болсон Ханжөүгийн Азийн наадмын эрэгтэйчүүдийн волейболын тэмцээнд Ираны тамирчид Хятадын багийг 3:1 харьцаагаар буулган авснаар гурван удаа дараалан Азийн наадмын аваргаар шалгарлаа.
Тоглолтын эхний үед иранчуудын цохилтыг Хятадын волейболчид амжилттай хааснаар 25:19 гэсэн харьцаагаар илүүрхжээ. Хоёр дахь үед 11:11-ээр тэнцсэний дараа Ираны тамирчид гурван оноо дараалан авч, улмаар Шахруз Хомюн Фарманешийн давуулалтууд амжилттай болсноор 10 гаруй оноогоор илүүрхэж, 25:14-өөр хожсон байна. Гурав ба дөрөвдүгээр үед иранчууд 25:22, 26:24 онооны харьцаагаар ялалт байгуулжээ.
Хятадын шигшээ багийн ахлах дасгалжуулагч У Шен хэлэхдээ “алтан медаль авч чадаагүй нь харамсалтай хэдий ч олон
улсын тэмцээний туршлага багатай
манай багийн хувьд үнэ цэнтэй сургамж болон үлдлээ” гэв. Японы волейболчид мягмар гаргийн
өглөө Катарын багийг 3:1 харьцаагаар /37-35, 25-22, 23-25, 25-23/ ялснаар хүрэл медаль хүртжээ.
Мягмар гаргийн оройны байдлаар, Азийн XIX наадмын медалийн хүснэгтийн тэргүүнд Хятадын баг тамирчид 53 алт, 29 мөнгө, 13 хүрэл медальтайгаар бичигдэж байна. Өмнөд Солонгосын баг 14 алт, 16 мөнгө, 19 хүрэл медаль хүртсэн амжилтаар удаалж байгаа бол Японы тамирчид 8 алт, 20 мөнгө, 19 хүрэл медальтайгаар гуравдугаарт бичигдэж байна. Монголын баг тамирчид хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэнээр 17 дугаарт эрэмбэлэгдэж байна.
Азийн наадам 10 дугаар сарын 8-ны өдөр хүртэл үргэлжилнэ.