ДОРНОГОВЬ: Цэцэрлэгийн багш нар хүүхдүүдтэйгээ хамт амарч хэвшсэн нь олон талын эерэг өөрчлөлтийг бий болгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬЗамын-Үүд /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хүүхдийн дөрөвдүгээр цэцэрлэгийн багш нар хүүхдүүдийнхээ унтах цагаар хамт амарч хэвшжээ.
Монголд цайны цаггүй ажилладаг нэг л мэргэжил байдаг нь цэцэрлэгийн багш, ажилчид аж. Тэд цайны цагаараа гэртээ очоод хоол ундаа тухтай идээд ирэх боломж байдаггүй бөгөөд ажлын ачааллаас шалтгаалж өдрийн есөн цагийг хүүхдүүдийн дунд өнгөрөөдөг байна. Үүнээс үүдээд багш нар эрүүл мэндээр хохирч, ядарч сульдах, улмаар ажлын бүтээмж багасдаг аж.
Тус цэцэрлэгийн эрхлэгч Н.Сүхтогоо үүнийг анзаарч багш нарынхаа ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, ажлын бүтээмжийг сайжруулах үүднээс хоёр жилийн өмнөөс энэ санаачилгыг гаргаж ажил хэрэг болгохоор тууштай зүтгэсэн нь эдүгээ үр дүнгээ өгчээ.
Бяцхан хүүхдүүдтэй хамт нэг цагт унтаж хэвших нь багш нарын ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг төдийгүй ажиллах эрч хүч, урам зориг өгдөг байна. Цэцэрлэгийн багш нар хоёр жилийн өмнөөс өдрийн хийх ажлын дэглэмийг сахиж ажлаа хүүхдүүдийн хамт хийх болжээ.
Тав, арван минут дугхийгээд сэрэхэд бие хөнгөрч ажиллах эрч хүч нэмэгддэг байна. Энэ санаачилгад багш нар ихэд талархаж байгаа төдийгүй бусад цэцэрлэг ч үлгэр дуурайл авдаг болжээ.
Ажилчид цайны цагтай, багш болон багшийн туслах өдөр хүүхдүүдтэйгээ ээлжлэн амардаг. Хүүхэд шиг унтлагын хувцас өмсөөд хүүхдүүдтэй хамт амрах нь тэдэнд ч сонирхолтой төдийгүй "Багш амарч байгаа юм чинь би ч амрах ёстой гэсэн сэтгэлгээг" хүүхдүүдэд бий болгодог гэж цэцэрлэгийн эрхлэгч Н.Сүхтогоо өгүүлсэн юм.
Мөн цэцэрлэгийн коридорт чанга яригч байрлуулж тогтсон цагт бүүвэйн дуу эгшиглэдэг
тул үүнийг сонсоод хүүхдүүд шууд л амардаг болсон байна.Тус цэцэрлэг долоон бүлэгтэй, 160 хүүхэдтэй 10 багш, долоон туслах багшийн хамт үйл ажиллагаа явуулж байна.