ДОРНОГОВЬ: Хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-09-25 11:21:20

Сайншанд /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал БНХАУ-аас Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консул Ли Янь Жюнийг энэ сарын 22-нд хүлээн авч уулзжээ.


Талууд Дорноговь аймгийн байгаль орчин, ногоон байгууламжийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах, хил орчмын бүсийг аюулгүй, ногоон бүс болгох, харилцан тусламж дэмжлэг үзүүлэх, эдийн засаг, нийгмийн өргөн хүрээнд хамтран ажиллах тухай санал солилцсон байна.


Мөн эрүүл мэнд, анагаахын чиглэлээр хамтран ажиллах, соёлын салбарын хамтын ажиллагааг сэргээх, худалдаа, эдийн засгийг хөгжүүлэх, бизнесийн эргэлтийг сайжруулах, шаардлагатай иргэдийг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хотод мэс засалд оруулах ажиллагааг дахин хийх, сумд болон аймгийн төвийн эмнэлгүүдийн эмч мэргэжилтнүүдийг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотын Монгол эмнэлэгт туршлага судлуулах, 14 хоногийн сургалтад явуулах ажиллагааг үргэлжлүүлэх, нэг өдрийн аялал жуулчлалыг эрчимжүүлэх, бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа болон бусад арга хэмжээг эрчимжүүлэн ажиллах саналыг орон нутгаас тавьжээ.


БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Ли Янь Жюнь хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа амжилттай хөгжиж байгаад сэтгэгдэл өндөр байгаагаа дурдаад цаашид шинэ салбаруудад хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боломжтой гэдгээ илэрхийлсэн байна.


Ташрамд дурдахад, Замын-Үүдийн ерөнхий консулаас аймгийн бизнес эрхлэгчид хийгээд, АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь Анагаах ухааны сургуулийн оюутнуудад  сургалтын мөнгөн дэмжлэг үзүүлж байжээ.

Холбоотой мэдээ