Энэтхэгийн парламент улсын нэрийг өөрчлөх асуудлыг хэлэлцсэнгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2023-09-22 17:54:49

ШИНЭ ДЕЛИ. /TASS/. Есдүгээр сарын 18-нд эхэлсэн Энэтхэгийн парламентын ээлжит бус чуулган баасан гаргийн шөнө завсарлаж, тус улсын албан ёсны нэрийн тухай журамд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэнгүй.


Лок Сабха буюу парламентын доод танхимын ээлжит бус чуулганы үеэр дөрвөн хуралдаан болж, нийт 31 орчим цаг үргэлжилжээ. 


Чуулганы гол үр дүн нь Лок Сабха болон мужуудын хууль тогтоох ассамблейн суудлын гуравны нэгийг эмэгтэйчүүдэд квотоор олгох тухай, мөн тусгаар тогтносон Энэтхэг улсад парламентын засаглалтай болсны 75 жилийн ойг тэмдэглэхтэй холбоотой хуулиудыг баталсан явдал байв. Тухайлбал, парламентыг Шинэ Дели дэх шинэ ордон руу нүүлгэх асуудлыг хэлэлцжээ. Парламентын дээд танхим буюу Ражья Сабха мөн баасан гаргийн орой ажлаа дуусгаж завсарласан байна.


Энэтхэгийн албан ёсны нэршлүүдийг ашиглах журамд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх байх гэсэн таамаглалаас үүдэн энэ удаагийн ээлжит бус чуулган хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд байсан юм. Үндсэн хуульд зааснаар тус улс "Энэтхэг" ба "Бхарат" гэсэн ижил утга бүхий хоёр нэртэй байна. Англи хэлээрх эхний нэрийг олон улстай харилцахад хэрэглэдэг уламжлалтай бол хинди хэлээрх хоёр дахь нэрийг дотоодод хэрэглэдэг байна.


Энэтхэгийн Засгийн газар есдүгээр сарын эхээр нийслэл Шинэ Делид зохион байгуулсан “Хорийн бүлэг”-ийн /G20/ дээд хэмжээний уулзалтын үеэр "Бхарат" гэдэг нэрийг ашигласны дараа "ребрендинг"-ийн тухай мэдээлэл тус улсын хэвлэлүүдээр гарч эхэлсэн юм. Үүнтэй зэрэгцэн Энэтхэгт парламентын ээлжит бус чуулган зарлаж, хэлэлцэх асуудлуудыг эцсийн мөч хүртэл нууцалсан нь улсын нэрийг өөрчлөх эсэх талаар мэтгэлцээн өрнөхөд хүргэжээ. 




Холбоотой мэдээ