Канадын компани соронзон орны квант хэмжигчийг сансарт илгээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2023-09-22 12:09:44

ОТТАВА. /interestingengineering/. Канадын квант технологийн гарааны компани болох “SBQuantum”- ийн мэргэжилтнүүд анх удаа гэмтэлтэй алмаазад суурилсан соронзон орны квант хэмжигчийг сансарт илгээнэ.


Эдгээр багажийг 2025 оны дундуур “MagQuest” төслийн хүрээнд дэлхийн соронзон орныг сансраас өндөр нарийвчлалтай хэмжиж, судлахад ашиглах ажээ.


“MagQuest” төслийг АНУ-ын гео орон зайн хайгуулын агентлаг Дэлхийн соронзон орны загварчлалыг (WMM) боловсронгуй болгох зорилгоор 2019 онд эхлүүлжээ. Шинэчлэн сайжруулсан загварт Дэлхийн соронзон орны онцлогийг тусгах аж. Газарзүйн байршлын нарийвчлалыг сайжруулах, луужингийн заалт ба соронзон туйл руу чиглэсэн бодит заалт хоорондын ялгааг тусгасан соронзон хазайлтыг тодорхойлох зорилгоор "WMM"-ийг байрлал тогтоох системд өргөнөөр хэрэглэдэг байна.


Дээрх төслийн хүрээнд дэлхийн тэргүүлэх шинжлэх ухааны байгууллагууд, технологийн салбарын гарааны компаниудад "WMM"-ийг сайжруулах шинэ төрлийн соронзон орон мэдрэгчийг бүтээхийг санал болгожээ. Ингээд хамгийн үр дүнтэй төхөөрөмжийг судалгааны хиймэл дагуул дотор суурилуулан сансарт илгээнэ. “Subquantum”-ийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, Канадын мэргэжилтнүүд гэмтэлтэй очир алмааз гэж нэрлэгддэг квант соронзон хэмжигчээрээ уралдааны гурван ялагчийн нэгээр шалгарчээ.


"Бид энэхүү нэр хүндтэй уралдааны эцсийн шатанд оролцож байгаадаа баяртай байна. Соронзон хэмжигчээ сансарт турших нь энэ салбарт гаргах ололт амжилтаа таниулах, квант мэдрэгчийн асар их боломжийг сансар огторгуйд төдийгүй бусад салбарт харуулах асар том боломж юм" гэж "SBQuantum"-ийн гүйцэтгэх захирал Дэвид Рой-Гуай ярьж байна. 


Гэмтэлтэй алмааз гэдэг нь бүтцийн хувьд "төгс бус" таримал эрдэнийн чулуу юм. Соронзон орон хэмжигчийг бүтээхийн тулд Канадын физикчдийн хэрэглэсэн алмаазын бүтцэд “азотын атом” байхгүй бөгөөд “азотгүй алмааз” гэж нэрлэдэг аж. Эрдэмтэд эдгээр чулууг ногоон лазер, богино долгионы цацрагийн эх үүсвэр ашиглан гэрэлтүүлснээр сансарт маш сул соронзон орныг ч удаан хугацаанд ажиглаж болохыг тогтоожээ. 


Дэлхий дээр явуулсан алмаазан квант мэдрэгчийн урьдчилсан туршилтууд нь "WMM"-ийг боловсронгуй болгоход ашиглаж байгаа системийн хэмжилтээс арав дахин тогтвортой байгааг харуулжээ. Эдгээр мэдрэгчийг 2025 оны дундуур сансарт хөөргөх бөгөөд дэлхий рүү дамжуулах өгөгдөл нь иргэний зориулалттай байрлал тогтоох системийн чанарыг мэдэгдэхүйц сайжруулна гэж физикчид найдаж байна.




Холбоотой мэдээ