Бумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Толгойтын Баруун салаанд орших Бумбатын рашааны 44.1 га газрыг байгалийн нөөцийн ангиллаар орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа.
Бумбатын рашааны 39.1 га талбайг дүүргийн ИТХ-ын 2015 оны тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад авч, 2018 онд хилийн цэсийг шинэчлэн тогтоон 44.1 га талбай болгож нэмжээ. Нийслэлийн БОГ-аас 2019 онд Бумбатын булгийг түшиглэн 1.2 метрийн гүнтэй, 10,500 шоо метр эзлэхүүнтэй хиймэл нуур байгуулан, “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд 2021-2022 онд 11 мянга гаруй мод тарьснаар 7.7 га газарт ногоон бүс бий болгожээ. Ингэснээр эко системийн ач холбогдол бүхий газрын хамгаалалтыг сайжруулах нөхцөл бүрдэж, эко системийн тэнцвэрт байдлыг хангах боломжтой аж.
Цаашид орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийг
түшиглэн явган аяллын маршрутыг нэмэх, зэрлэг амьтдыг ажиглах мониторинг
судалгааны цэгүүдийг байгуулах, тогтвортой санхүүжилтийн механизм бүрдүүлж, эко
системийн үйлчилгээнд тулгуурласан хамгаалалтын менежментийг нэвтрүүлэх юм. Мөн
нэн ховор амьтан, ургамалд таатай орчин бүрдүүлэх, тархац нутгийг орон нутгийн
тусгай хамгаалалтад авах, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, олон улсын
сайн туршлагыг судалж, стандарт мөрдүүлэх чиглэлээр ажиллана гэдгийг Нийслэлийн
Байгаль орны газраас онцлов.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар тус газарт
судалгаа шинжилгээний зориулалтаас бусад төрлийн барилга байгууламж барих,
үйлдвэрлэлийн зориулалтаар газар ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх,
олборлох, гүний худаг гаргах, цооног өрөмдөхийг хориглодог байна.