БАЯН-ӨЛГИЙ: Баруун бүсийн насан туршийн суралцахуйн багш нар Толбо нуурт чуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-09-20 15:06:45

Өлгий /МОНЦАМЭ/. Баруун бүсийн Насан туршийн суралцахуйн төвийн багш, удирдах ажилтнуудын бүсийн зөвлөгөөн Баян-Өлгий аймгийн Толбо нуурын амралтын газарт өнөөдөр эхэллээ.


Тус зөвлөгөөн нь баруун бүсийн насан туршийн суралцахуйн төвүүдэд ажиллаж буй багш нарыг чадавхжуулах, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх зорилготой аж.


Зөвлөгөөнд Баянхонгор аймгаас 24, Увс, Говь-Алтай аймгуудаас тус бүр 22, Ховдоос 20, Баян-Өлгий аймгаас 20 багш оролцож байна.


Баян-Өлгий аймгийн Насан туршийн боловсролын төвөөс санаачлан зохион байгуулж буй уг зөвлөгөөнийг Боловсролын ерөнхий газрын Насан туршийн боловсролын хэлтсийн дарга Г.Одбаатар болон МУБИС-ийн багш нар удирдан явуулж байна. Мөн МУБИС-ийн Насан туршийн боловсрол, зайн сургалтын тэнхимийн багш, доктор Д.Үүрийнтуяа "Насан туршийн боловсролын багшийн хөгжих хэрэгцээ", Боловсролын ерөнхий газрын даргын зөвлөх, доктор Б.Мянган "Иргэдийг тасралтгүй хөгжүүлэх бодлого – Насан туршийн суралцахуй", МУБИС-ийн багш, доктор Б.Хонгорзул "Насанд хүрэгчдийн сургалтыг чиглүүлэх нь", тус сургуулийн багш Т.Батхуяг "Онлайн сургалтын арга зүй", багш Д.Мөнх-Эрдэнэ "Интерактив хэрэглэгдэхүүн" зэрэг сэдвээр мэдээлэл өгч байна.


ХХІ зуунд дэлхий даяар насан туршийн боловсролыг нялх, балчир наснаас эхлэн ертөнцийн мөнх бусыг үзүүлэх хүртэл хүний амьдралын бүх үе шатанд эзэмшдэг албан, албан бус, ахуй амьдралын бүхий л хүрээг хамардаг боловсролын үзэл санаа гэж үзэх болсон. Харин манай орны хувьд “насан туршийн суралцахуй” гэдэг нэр томьёог 1997 оноос байгуулсан Албан бус боловсролын төв болон Насан туршийн боловсролын төвүүд хэмээн голдуу ойлгож, хэрэглэж байна.


Саяхан УИХ-аар баталсан Боловсролын ерөнхий хуульд насан туршийн суралцахуй буюу хүн хэрэгцээ, сонирхол, боломж, нөхцөлдөө нийцүүлэн орон зай, цаг хугацаанаас үл хамааран мэргэжил, боловсрол, мэдлэг, чадвараа тасралтгүй хөгжүүлэх, дээшлүүлэх үйл ажиллагааг хуульчилж, боловсролын зарчим нь насан туршийн суралцахуйг дэмжсэн байна гэж тодорхой зааж өгсөн ажээ. 

Холбоотой мэдээ