ДУНДГОВЬ: 100 жилийн түүхтэй мал эмнэлгийн салбарын ажилтнууд түүхэн ойгоо тэмдэглэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь /МОНЦАМЭ/. Монгол Улсад Шинжлэх ухааны Мал эмнэлэг үүсэж хөгжсөний
100 жилийн түүхэн ойг Дундговь аймгийн Мандалговь хотноо тэмдэглэн өнгөрүүлэв.
1923 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр хуралдсан Ардын Засгийн
газрын 6 дугаар хуралдааны шийдвэрээр тэр үеийн Сангийн яамны дэргэд Мал
эмнэлгийн хэлтэс байгуулж, 1923 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн Засгийн газрын
32 дугаар хуралдаанаар “Малын зүйлийг эмнэх ба боловсруулан сайжруулах
газар”-ыг байгуулсан нь Монгол Улсад шинэ үеийн шинжлэх ухааны Мал эмнэлгийн
салбар үүссэн түүхтэй ажээ.
“Хүмүүнд ээлтэй эрүүл мал, малчинд ойрхон мал эмнэлэг, дэлхийд
тэргүүлэх байгалийн цэвэр бүтээгдэхүүн” гэсэн Алсын харааг дэвшүүлж, хүн амын
хүнсний гол эх үүсвэр болох мал, амьтныг эрүүл байлгахын төлөө ажиллаж ирсэн ахмад
малын эмч нар, аймгийн удирдлагууд, МЭЕГ-ын
Тархвар зүй, мэдээлэл, судалгаа, статистикийн газрын дарга С.Батхуяг, МЭХ-ийн
молекул, генетикийн лабораторийн эрхлэгч доктор П.Мягмарсүрэн, Улсын мал
эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн ерөнхий эмч Ш.Мөнхдүүрэн нар тус үйл
ажиллагаанд урилгаар оролцсон юм.
Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат баярын хурлын индэр дээрээс
хэлсэн үгэндээ Дундговь аймаг дархлаажуулалтын үр нөлөөг дээшлүүлэх зорилтын
хүрээнд вакцины хүйтэн хэлхээг бүрдүүлж, сум бүрийг вакцины хөргүүртэй, баг
бүрийг мал угаалгын ваннтай, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдийг үйлчилгээ
үзүүлэх хашаатай болгох зэрэг асуудлыг дэс дараатайгаар шийдвэрлэж, мал
эмнэлгийн үйлчилгээг хөнгөвчлөх, материаллаг баазыг сайжруулж байгааг онцолжээ.
Тэрбээр малын эрүүл мэндийг хамгаалан дархлаажуулалт хийж,
гоц халдварт өвчний дэгдэлтийн үеэр өдөр, шөнөгүй ажиллан шуурхай хариу арга
хэмжээ авч, тархалтыг зогсоон ажиллаж чаддаг, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр
хангах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байгаа малын эмч нарт талархаж байгаагаа
илэрхийллээ.
Шинжлэх ухааны Мал эмнэлгийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан салбартаа үр бүтээлтэй ажилласан ахмадууд болон залуу үеийн төлөөллийг салбарын болон аймгийн шагналаар шагнаж урамшууллаа.
Тодруулбал,
“Хүнс хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан” цол тэмдгээр лабораторийн эрхлэгч Г.Азжаргал,
Гурвансайхан сумын малын эмч Б.Баяраа, Адаацаг сумын малын эмч Б.Төмөрчөдөр,
Цагаандэлгэр сумын малын эмч П.Бурмаа нарын 16 хүн, ХХААХҮЯ-ны Жуух бичгээр Мал
эмнэлгийн лабораторийн ийлдэс шимэгч судлаач шинжээч эмч Л.Цэрэннадмид, Зооноз,
халдварт өвчин, тандалтын асуудал хариуцсан мэргэжилтэн Л.Адъяацэрэн, Дундговь
аймгийн Хүндэт тэмдгээр Г.Отгонсүрэн, Г.Лхамсүрэн, Б.Цэнгэлмаа нарын 20 хүн, аймгийн
Засаг даргын Жуух бичгээр 10 хүнийг тус тус шагнасан байна.
Дундговь аймгийн хувьд 1942 онд аймаг байгуулахад Мал эмнэлгийн тасаг байгуулж, эхний жилдээ малын 15 бага эмч, 15 санитарчтай ажлаа эхэлж байсан бол 2023 оны байдлаар аймгийн Мал эмнэлгийн газарт 34 албан хаагч ажиллаж байна. Мал эмнэлгийн үйлчилгээний 40 нэгжид 54 их эмч 54, 5 бага эмч, 10 санитарч мал эмнэлгийн үйлчилгээг хүргэж байгаа ажээ.