Эмэгтэйчүүдийн дипломат клуб эмзэг бүлгийнхэнд зориулсан 100 гаруй төсөл хэрэгжүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны дэргэдэх Эмэгтэйчүүдийн дипломат клубээс Улаанбаатар дахь
гадаад орны Элчин сайдын яамдтай хамтран зохион байгуулдаг "Сайн санааны үйлс"
олон улсын өдөрлөг өнөөдөр боллоо.
Энэ удаагийн олон улсын хандивын өдөрлөгт Австрали, АНУ, Беларусь, Вьетнам, Итали, БНСУ, Лаос, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Япон улсын ЭСЯ, мөн эмэгтэй манлайлагчтай 30 гаруй үндэсний үйлдвэр болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид оролцсон юм. Тус арга хэмжээнд Гадаад харилцааны яам, Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, тэдний гэр бүл, хамт олон, олон улсын байгууллагуудын төлөөлөл, Эмэгтэйчүүдийн дипломат клубийн гишүүд оролцон улс орнуудын соёл уламжлал, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний худалдаа, үндэсний хоолны амталгаат үзэсгэлэнг сонирхдог уламжлалтай. Жил бүрийн намар зохион байгуулдаг энэхүү арга хэмжээний хүрээнд цугларсан хандивын хөрөнгөөр нийгмийн зорилтот бүлэгт зориулсан тодорхой төслүүдийг санхүүжүүлэхийн зэрэгцээ хувиараа аж ахуй эрхлэгчдэд бүтээгдэхүүнээ сурталчлах, зах зээлд өөрийн байр сууриа олоход нь дэмжлэг үзүүлж харилцан өгөөжтэй ажилладаг байна.
"Сайн санааны үйлс" өдөрлөгийн арга хэмжээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэндчилгээ дэвшүүлэн, жил бүр уламжлал болгон зохион байгуулж, нийгмийн зорилтот бүлэгт чиглэсэн олон сайхан төсөл хэрэгжүүлж байгааг сайшаан онцолсон юм. Мөн тэрбээр, хандивын хөрөнгөөр санхүүжүүлдэг төслийн тоо жилээс жилд нэмэгдэж, улам өргөн олныг хамарч байгаад үргэлж талархаж байдаг гэсэн юм.
Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Лаура Ботта, “Энэ арга хэмжээ одоо олон нийт, айл өрхүүдийг хамруулсан чухал эвент болжээ. Элчин сайдын яамд энэ үзэсгэлэнгээр дамжуулан өөрийн улс орон, бүс нутгийнхаа нэрийн брэнд, соёл, урлаг, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Дэлхийн хүмүүс бид цөм асуудал бэрхшээл адил, хүсэл тэмүүлэл нэгтэй. Бид хамтдаа нэгэн дэлхийд амьдарч, хамтдаа мэдлэг бүтээж, хамтдаа хөдөлмөрлөж, асуудлаа хамтдаа л шийднэ. Энэ утгаараа хүнд хэцүү амьдралтай хүмүүст бодит туслалцаа үзүүлэх нэг гарц нь Эмэгтэйчүүдийн дипломат клубээс зохион байгуулдаг энэ арга хэмжээ юм” гэлээ.
Эмэгтэйчүүдийн дипломат клуб нь энэхүү өдөрлөгийг зохион байгуулж эхэлсэн цагаасаа хойш цуглуулсан хандиваараа эмзэг бүлгийнхэнд зориулсан 100 гаруй төсөл хэрэгжүүлсэн байдаг. Тус клубийн тэргүүн С.Ононтой ярилцлаа.
-Танай клуб байгуулагдсаныхаа 25 жилийн ойг өнгөрсөн тавдугаар сард тэмдэглэсэн. Энэхүү өдөрлөгөө хэд дэх удаагаа зохион байгуулж байна вэ?
-Гадаад харилцааны яамны дэргэдэх Эмэгтэйчүүдийн дипломат клуб анх 1998 онд яаманд ажиллаж байсан дипломат эмэгтэйчүүдийн санаачилгаар байгуулагдсан юм. “Сайн санааны үйлс “нэртэй энэ арга хэмжээгээ 23 дахь жилдээ зохион байгууллаа. Эндээс бид хандив цуглуулахаас гадна, улс орнуудын түүх соёл, зан заншлыг танилцуулан сурталчлахыг зорьдог.
-Энэ арга хэмжээнээс цугларсан хандивыг нийгмийн
эмзэг, зорилтот бүлгийнхэнд зориулдаг. Одоогоор хэчнээн төсөл хэрэгжүүлээд байна вэ?
-Тийм ээ. Агуулга зорилго маань анхнаасаа л ийм байсан. Өнгөрсөн 23 жилийн хугацаанд цуглуулсан хандиваар эмзэг бүлгийнхэнд зориулсан 100 гаруй төсөл хэрэгжүүлээд байна. Төслүүд тодорхой үр дүнд ч хүрч байгаа. Эхэндээ бид зөвхөн Улаанбаатар хотод төсөл хэрэгжүүлдэг байсан бол сүүлийн үед хөдөө орон нутагт хэрэгжүүлэхээр зорилтот ажлуудыг хийгээд явж байна. Жишээ нь, Дорноговь аймгийн Сайншанд суманд төсөл хэрэгжүүлээд, цэцэрлэгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгай тоног төхөөрөмж авч өгсөн. Энэ жилээс Хэнтий аймгийн Баянхутагт суманд төсөл хэрэгжүүлж байна. Бид цаашид хүрээгээ улам өргөжүүлэх, хөдөө орон нутаг руу үйл ажиллагаагаа хандуулах зорилготой ажиллаж байна. Энэхүү арга хэмжээг хүмүүс ч нэлээд мэддэг болж. Жил ирэх тусам өдөрлөгт оролцогчдын тоо нэмэгдэж байна. Мөн биднийг дэмжих Элчин сайдын яамд ч улам олон болж байна. Энэ жил 11 элчин сайдын яам өдөрлөгт оролцож байна.
-Өдөрлөгт ямар байгууллага, үйлдвэрлэл
эрхлэгчид түлхүү оролцож байна вэ?
-Бид эмэгтэй манлайлагчтай жижиг бизнесийнхнийг дэмжихийг бас зорьдог. Энэ ч утгаараа эмэгтэй эзэдтэй бизнесийн төлөөллүүд энэ арга хэмжээнд маань оролцож байна. Тэдний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах, олон нийтэд таниулах, элчин сайдын яамтай холбох, үйл ажиллагаанд нь тус дэм болохыг хичээдэг. Жижиг бизнес эрхэлж байгаа болон үйлдвэрлэлээ дөнгөж эхлүүлж буй хүмүүс зах зээлээ олоход бэрхшээлтэй, танигдахгүй байх тал бий. Хэдийгээр жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжих бодлогыг төр засгаас баримталж байгаа ч тэднийг сурталчилж туслах зайлшгүй шаардлагатай. Тиймээс бид эмэгтэй бизнес эрхлэгч, үйлдвэрлэл эрхлэгч хүмүүсээ танилцуулан энэ арга хэмжээндээ оролцуулдаг.
-Энэ өдөрлөгт оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэх болжээ?
-Яг тийм. Анх багахан хүрээнд, цөөн оролцогчтой арга хэмжээ хийдэг байлаа. Гэтэл өнөөдөр томхон зааланд багтахааргүй олон зочинтой болж өргөжсөн байна. Эмэгтэйчүүдийн дипломат клубээс санаачилсан, уламжлал болсон "Сайн санааны үйлс" энэ арга хэмжээ одоо хүмүүсийн хүсэн хүлээдэг арга хэмжээний нэг болсон байгааг харахад сайхан байна.