ДУНДГОВЬ: Эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд 6703 иргэн хамрагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь /МОНЦАМЭ/. Орон даяар зохион байгуулж буй “Хүн амын нас, хүйс, эрүүл
мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус
өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт үзлэг, оношилгоо”-нд Дундговь аймгийн 15 сумын 6703
иргэн хамрагджээ.
Тодруулбал, 9 дүгээр сарын 8-ны байдлаар тус аймгийн
хэмжээнд эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо хийлгэх ёстой 30790 иргэдийн 21,8 хувь
нь хамрагдсан байна.
Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас “Хүн
амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт
болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ,
оношилгоо”-г 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн орон даяар зохион
байгуулж буй.
Энэхүү эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан иргэдийн 40,1 хувь нь эрэгтэй, 59,9 хувь нь эмэгтэй байна. Эрт илрүүлэг, оношилгоонд хамрагдсан иргэдийн 5552 бую 82,8 хувь эрүүл мэндийн хувьд өөрчлөлттэй гарч, насны ангиллаар авч үзвэл, 31-60 насны иргэд илүү их өвчлөлтэй байна гэж аймгийн Нэгдсэн эмнэлгээс мэдээллээ.
Нийт эрэгтэйчүүдийн 57,2 хувь нь өвчлөлтэй бүртгэгдсэн ба
дийлэнх нь артерийн даралт ихсэх болон нойр элэг цөсний замын эмгэгтэй байгаа
бол эмэгтэйчүүдийн 68,7 хувь нь өвчлөлтэй гарчээ. Эмэгтэчүүдийн дийлэнх нь
бөөрний сувганцрын завсрын эдийн өвчин, нойр булчирхай, элэг цөсний замын эмгэгтэй байна. .
“Хүн амын нас,
хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон
халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт үзлэг, оношилгоо”-д иргэдийг
хамруулах ажлыг эрчимжүүлэхийн тулд сум бүрээс иргэдийг дуудан оношилгоонд
хамруулж байгаа ба өдөрт 45 хүртэл хүнийг үзэж, оношлох боломжтой гэж аймгийн
Нэгдсэн эмнэлгийн дарга Э.Энхзоригт онцоллоо.