Барьцаанд байсан Норвегийн иргэнийг суллажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
adiyakhuu@montsame.mn
2016-09-18 13:17:32

ЛОНДОН./TASS/. Филиппиний “Абу Сайяф” террорист бүлэглэлийнхэн барьцаанд байсан Норвегийн иргэн Кжартан Секкингстад -ыг өчигдөр сулласан байна. Түүнийг суллахын тулд их хэмжээний мөнгийг террористуудад төлсөн тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Одоогоос нэг жилийн дээрх бүлэглэлийн зэвсэгт этгээдүүд амралтын газарт байсан дөрвөн хүнийг хулгайлан барьцаалсан юм. Улмаар энэ оны 4 дүгээр сард террористууд барьцаанд байсан Канадын хоёр иргэний толгойг нь тасдан хөнөөсөн бол нэг филиппин эмэгтэйг 6 дугаар сард суллажээ.

Норвегийн иргэнийг өчигдөр Жоло арлын Патикул хотод Моро-гийн Үндэсний Чөлөөлөх фронт гэдэг босогчдын бүлэглэлийн гишүүдэд хүлээлгэн өгсөн байна. Энэ бүлэглэл засгийн газартай эвлэрлийн гэрээ байгуулан, барьцааны хүнийг суллахад туслахаар болжээ.

Филиппиний Ерөнхийлөгч Р.Дутерте 8 дугаар сард хэлэхдээ, хэдийгээр их хэмжээний мөнгө төлсөн боловч "Абу Сайяф" бүлэглэлийнхэн Секкингстадыг одоо хүртэл сулласангүй гэж мэдэгдэж байсан юм.

Харин Филиппиний армийн командлал мэдэгдэхдээ “террористуудын байрлал руу манай цэргүүд ширүүн довтолж байгаа учраас тэд аргагүйн эрхэнд ноён Секкингстад-ыг сулласан” гэжээ.  

Б.Адъяахүү 

 

 

Холбоотой мэдээ