ХОВД: Эрт илрүүлэг, үзлэгийг эрчимжүүлэхэд анхаарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-09-14 12:36:53

Жаргалант /МОНЦАМЭ/.  Ховд аймагт өнөөдөр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэгийг эрчимжүүлэх чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулжээ.

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нийт хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах шийдвэр гаргасан. Үүний дагуу улс орон даяар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулж байна.

Ховд аймагт 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар өссөн дүнгээр 28424 хүн тус үзлэг, оношилгоонд хамрагджээ. Нийт үзлэгт хамрагдсан иргэдийн 15904 нь 17 хүртэлх насны хүүхэд бөгөөд 45.0 хувийн хамралттай байна.

Дээрх эрүүл мэндийн үзлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор Ховд аймгийн Эрүүл мэндийн газар, Боловсрол шинжлэх ухааны газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Жаргалант сумын Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дарга, сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч, нийгмийн ажилтан, эмч нар оролцлоо.

Холбоотой мэдээ