Хаврын чуулганаар баталсан хууль, тогтоомжийг Баянхонгор аймгийнханд танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2023-09-13 15:37:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Тамгын газраас энэ оны хаврын чуулганаар баталсан хууль, тогтоомжийг Баянхонгор аймгийн иргэд, төрийн албаныханд танилцууллаа.


Парламентын нээлттэй байдлыг хангаж, хэлэлцэн баталж буй хуулийн төсөлд иргэдийн саналыг тусгах, хууль тогтоох үйл ажиллагааны талаарх мэдээллийг нийтэд хүртээмжтэй хүргэхээр өнгөрсөн тавдугаар сард Баянхонгор аймагт хууль тогтоомж сурталчлах төвийг байгуулсан юм. УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмар чиглүүлэгчээр ажиллаж, Тамгын газрын мэргэжилтнүүд хууль, тогтоомжуудын талаар дэлгэрэнгүй танилцуулав.


УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Нийгмийн бодлогын байнгын хороо хариуцсан ахлах зөвлөх Б.Цогзолбаяр тэтгэврийн хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд шилжиж, нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаа, хамрах хүрээ өргөжин, НДС-гийн санхүү, эдийн засгийн чадавх сайжирч, тогтвортой ажиллах нөхцөл бүрдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хууль, тэтгэврийн даатгалын сан тогтвортой ажиллах нөхцөл бүрдэх, ирээдүйн хүн ам зүйн өсөлтийн ачаалал, насжилтыг угтаж тэтгэврийн тогтолцооны загварыг өөрчлөх замаар ахмадуудад тулгарах эрсдэлийг бууруулах, хууль хоорондын зөрчил арилж, уялдаа холбоог хангаж, даатгуулагчийн нийгмийн баталгааг хангах НДС-гаас олгох тэтгэврийн тухай хуулийн талаар мэдээлэл өгөв.




Мөн тэрбээр даатгуулагчийн авах тэтгэмжийн хэмжээ нэмэгдэж, нийгмийн баталгааг хангах, амьдралын баталгаа нь сайжирч, ажил олгогчийн санхүү, төлбөрийн чадавхад эерэг нөлөө үзүүлж, даатгалын хамрах хүрээ өргөжих, ажилгүй болсон даатгуулагчийг хөдөлмөрийн зах зээлд буцан орох боломжийг нэмсэн НДС-гаас олгох тэтгэмжийн тухай хууль, үйлдвэрлэлийн осолд өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж, хөгжлийн бэрхшээлтэй болсон даатгуулагчид эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн үйлчилгээ үзүүлэх замаар хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх, тэдний нийгмийн баталгааг хангах нөхцөл бүрдүүлэх, ажил олгогч шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх шалгуур үзүүлэлт тодорхой болж, үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх, хяналт тавих, ослоос урьдчилан сэргийлэх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх чиглэлээр төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах НДС-гаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиудын талаар танилцуулж, аймгийн иргэд, төрийн албан хаагчдын асуултад хариуллаа.


Үргэлжлүүлэн БШУЯ-ны Боловсролын нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын шинжээч Ж.Нарантуяа УИХ-ын хаврын чуулганаар батлагдсан Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай тухай хууль, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн талаар, УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Зөвлөхүүдийн албаны зөвлөх Б.Баярмаа Дээд боловсролын тухай хуулийн талаар танилцуулав. Хууль, тогтоомжийг танилцуулах арга хэмжээнд оролцож буй Баянхонгор аймгийн иргэд, холбогдох албан тушаалтан, төрийн албан хаагчид Боловсролын багц хуультай холбогдуулан илтгэгч Ж.Нарантуяа, Б.Баярмаа, УИХ-ын Тамгын газрын мэргэжилтнүүдээс сонирхсон асуултаа асууж, хариулт авсан юм.


УИХ-ын хаврын чуулганаар баталсан хууль, тогтоомжийг танилцуулах үйл ажиллагааг энэ сарын 14-нд Өвөрхангай аймагт, энэ сарын 18-нд Дархан-Уул аймгийн ИТХ, Хууль тогтоомж сурталчлах төвтэй хамтран зохион байгуулна.


УИХ-ын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөнд тусгасан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын дэргэд УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах төв байгуулж, мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбон, албан бус боловсрол, зайн сургалтын арга, хэлбэрээр иргэдэд хууль, эрх зүйн мэдлэг олгох, хууль тогтоомжийг сурталчлах ажлыг үр нөлөөтэй зохион байгуулах” хүрээнд Баянхонгор, Өвөрхангай, Дархан-Уул аймагт Хууль тогтоомж сурталчлах төвийг байгуулаад байгаа. Цаашид бусад аймагт үе шаттай байгуулахыг УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


Холбоотой мэдээ