Этиопийн гүйгчид Бээжингийн марафонд аваргаллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭБЭЭЖИН./TASS/. Этиоп улсын хөнгөн атлетикчид болох Гебре Мекуант Аинью, Биру Мересет Менгисту нар Бээжингийн олон улсын марафон гүйлтийн тэмцээнд түрүүллээ. Тэмцээнд 30 мянга орчим гүйгчид оролцож байна.
Эрэгтэй марафончдоос Г.М.Аинью 2 цаг 11 мин 9 сек-ийн амжилтаар аваргалсан бол эмэгтэйчүүдээс Б.М.Менгисту 2:25:56 гэсэн үзүүлэлтээр тэргүүн байр эзэлжээ. Шагналын тавцанд зогссон тамирчдаас эмэгтэйчүүдийн төрөлд хүрэл медаль авсан БНАСАУ-ын тамирчин О Юн Ок-оос бусад нь бүгд Этиопийн гүйгчид байлаа.
Бээжингийн олон улсын марафон гүйлт Тяньаньмэн-ий талбайгаас гараагаа эхэлж, тус хотын хойд хэсэгт орших Олимпын спорт цогцолборт барианд ордог юм.
Уламжлал ёсоор 42 км 195 м-ийн марафон гүйлтээс гадна 10 км-ийн гүйлт болон хагас марафон гүйлт болно.
Бээжингийн олон улсын марафон гүйлтийн тэмцээн 1981 оноос хойш жил бүр болж байна. Эрэгтэйчүүдийн төрөлд Этиопын тамирчин Тадесе Тола 2 цаг 17 мин 16 сек гэсэн үзүүлэлттэйгээр 2013 оны марафонд түрүүлж, дээд амжилт тогтоож байсан бол эмэгтэйчүүдээс тус тэмцээний 4 удаагийн аварга Хятадын тамирчин Сунь Инзе 2003 онд 2 цаг 19 мин 39 сек-ийн амжилтаар рекорд тогтоож байжээ.
Б.Адъяахүү