СЭЛЭНГЭ: Модонд гэмтэл учруулахгүйгээр үр түүх чадварт суралцжээ

ТЭРБУМ МОД
otgontsetseg@montsame.mn
2023-09-08 12:13:36

Сүхбаатар/МОНЦАМЭ/. Модонд гэмтэл учруулахгүйгээр үр түүх сургалтыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд зохион байгуулсан байна.

 

Дээрх сургалтыг БНЧУ-ын мэргэжилтэн удирдан явуулсан аж.

 

Энд Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр, Алтанбулаг зэрэг сумдын сумын болон сум дундын ойн ангийн инженер, ойн техникч, ойн санг гэрээгээр эзэмшигч аж ахуй нэгж байгууллагын инженерүүд хамрагджээ.

 

Оролцогчид сургалтаар ургаа модонд огт гэмтэл учруулахгүйгээр хамгийн сайн чанарын үрийг бэлтгэх боломжтой аргад суралцсан аж.

 

Түүнчлэн модонд авирах багаж хэрэгсэл, тоноглолуудыг бүрэн ашиглахад суралцсан бөгөөд авирах үеийн аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгаалал, анхан шатны тусламж үзүүлэх аргачлал, аюулгүй авирах технологийн процессын талаар нарийвчилсан мэдлэг олж авчээ.

 

Мөн сургалтын үеэр модонд авирахдаа нэг болон хоёр олс ашиглан авирах, буух дадлага ажлуудыг хийсэн байна.

 

Энэхүү сургалт нь өнгөрсөн сарын 29-ний өдрөөс энэ сарын 3-ны өдрийг хүртэл тав хоногийн хугацаанд үргэлжилсэн байна.

 

Дээрх сургалтыг Европын Холбоо, ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яам (BMZ)-ны хамтарсан санхүүжилттэйгээр хэрэгжиж буй “Хөдөө ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах “STREAM” төслийн Ойн бүрэлдэхүүн хэсэг (#GIZ Mongolei) зохион байгуулжээ.

 

Холбоотой мэдээ