АРХАНГАЙ: "Pearson English" англи хэлний хөтөлбөр хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-09-04 09:16:27

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. "Pearson English" англи хэлний сургалтын цогц хөтөлбөрийг 2023-2024 оны хичээлийн жилд ЕБС-ийн 5, 6 дугаар ангид хэрэгжүүлж эхэллээ.


Энэхүү хөтөлбөрт хамрагдах 5-6 дугаар ангийн сурагчид Pearson English Connect дэвшилтэт дижитал интерактив сургалтын платформ ашиглаж, хамгийн сүүлийн үеийн сурах бичиг, видео болон аудио контентоор дамжуулан англи хэлний мэдлэгээ сайжруулах юм.

 

Мөн Олон улсын жишгээр багш нарыг орчин үеийн аргазүй, технологи ашиглан бүх чадварыг зэрэг хөгжүүлэхэд сурагчдыг чиглүүлэх, цаашлаад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай болох зэрэг өргөн боломжуудыг олгож, нээж өгч буйгаараа дээрх хөтөлбөр онцлогтой аж.

 

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор тус аймгийн 58 багш заах аргазүйн дэмжлэг үзүүлэх сургалтад хамрагдсан байна. Сургалт Эрдэнэбулган сумын 3-р ЕБС дээр болжээ.


"Pearson English" хөтөлбөр нь дижитал платформ болон танхимын сургалтын хосолсон хэлбэрийг сургалтын арга барилдаа ашигладаг. Дижитал платформ нь хамгийн сүүлийн үеийн технологийг ашигласан, хиймэл оюун ухаанд суурилсан багш, сурагчдад зориулсан бүрэн интерактив хэрэглэгдэхүүнтэй.


Энэхүү платформд багшид зориулан боловсруулсан суралцахуй зорилт бүхий гарын авлага, хичээлийн төлөвлөгөө, үнэлгээний цогц багц, онлайн анги, дүрмийн хичээл, интерактив сурах бичгийг ашиглах видео заавар, тест зохиогч, дүнгийн систем /сурагч бүрээр/, зайнаас заах гарын авлага, тусламж, заавар зэрэг хэрэглэгдэхүүнтэй ажээ.

Холбоотой мэдээ