Үерийн эрсдэлтэй бүс дэх барилга байгууламжуудыг албадан буулгаж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга байгууламжийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн албадан буулгах Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан.
Энэ хүрээнд “Шунхлай” ХХК-ийн шатахуун түгээх станц /ШТС/, “Акуа Гарден” хотхон, “S’Outlet” дэлгүүрийн барилгыг буулгах ажлыг эхлүүлэхээр Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн болон холбогдох албаныхан тухайн байршлуудад захирамжийг танилцуулж, мэдээлэл өглөө.
Тухайн барилга байгууламжууд нь усан сан бүхий газрын онцгой
хамгаалалтын, үерийн
эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан тул үйл ажиллагааг нь зогсоож, газар чөлөөлөх шаардлагатай
гэсэн Байгаль орчны улсын ахлах байцаагчийн дүгнэлт гараад байгаа юм. Тодруулбал, ХУД дэх “Шунхлай” ХХК-ийн ШТС, “Эм энд Жи констракшн” ХХК-ийн гүйцэтгэж
буй “Акуа Гарден” хотхоны хоёр блок,
СБД-ийн “S’Outlet”
дэлгүүрийн хоёр блок барилга нь Сэлбэ голын онцгой хамгаалалтын бүстэй давхцаж
байгаа.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал
хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, “Эдгээр барилгыг мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр албадан буулгах захирамж гарсан. Тухайн аж ахуйн нэгжүүдийн
удирдлага, төлөөлөл бүртэй уулзсан. Өнөөдөр байршил тус бүр дээр ирж,
удирдлагуудад нь захирамжийг албан ёсоор танилцуулж байна. Тус аж ахуйн нэгжүүдэд зөвшөөрөл олгосон
байгууллага, албан тушаалтнуудад холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авах хүсэлтийг АТГ-т өгсөн. Сэлбэ, Дунд голын
орчимд газар олгосон албан тушаалтнуудыг хуулийн байгууллагаас шалгаж байгаа. Албадан
буулгах зардлыг нийслэлээс гаргаж,
буруутай этгээдээр эргэн төлүүлэх зарчмаар хуулийн дагуу шийднэ. Гарч буй
дүгнэлт, захирамж, шийдвэр бүгд хуулийн заалтад үндэслэсэн” гэлээ.
Дээрх аж ахуйн нэгжүүд захирамжийг хүлээн авч, захирамжтай холбоотойгоор шүүх
байгууллагад хандах боломжтой. Бүх асуудлыг хуулийн дагуу шийдэхийг НЗДТГ-йн ХМОНХХ мэдээлэв.