ГОВЬ-АЛТАЙ: Ихэнх суманд мал сүргээ нутагтаа өвөлжүүлэх бэлчээрийн хүрэлцээ муу байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-08-31 12:46:41

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн 2023-2024 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг тодорхойлсон дүн мэдээг Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс танилцууллаа.


Монгол Улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2023-2024 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргав.


Зуншлага наймдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 32.9 хувьд хэвийн сайн, 56.6 хувьд дунд зэрэг, 10.5 хувьд муу үнэлгээтэй гарсан байна. 

Бэлчээрийн даацыг нийт нутгаар тооцоолж гаргасан дүнгээс үзвэл:

6.6 хувь нь 50 хүртэлх хувь (бэлчээрийн нөөцтэй)

22.3 хувь нь 51-100 хувь (бэлчээр хүрэлцээтэй)

43.4 хувь нь 101-300 хувь (даац 1-3 дахин хэтэрсэн)

10.5 хувь нь 301-500 хувь (даац 3-5 дахин хэтэрсэн)

17.1 хувь нь 500 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) байна. Өөрөөр хэлбэл нутгийн 28.9 хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж үзэж болохоор байна. Харин нутгийн 71.1 хувь нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн хүрэлцээ муу байгаа нь отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс зохицуулах шаардлагатайг харуулж байгаа аж.


Тодруулбал, Говь-Алтайн аймгийн Цогт сумын Гэгээт, Төгрөг, Баян-Улаан, Есөнбулаг сумын Есөнбулаг, Рашаант багууд, Дэлгэр сумын Гуулин тосгон, Баян-Өндөр, Эрдэнэ сумын Өлзийт, Цээл сумын Бүрэн, Төгрөг сумын Цагаанхайрхан, Тайшир сумын Галуут, Хөхморьт сумын Цоохор нуур, Бигэр сумын Эх булаг багуудын нутагт даац олон дахин хэтэрсэн, Хөхморьт сумын Завхангол, Хүйсийн говь, Тонхил сумын Тамч, Цээл сумын Баянгол, Есөнбулаг сумын Наран, Халиун сумын Гүү бариач, Чандмань сумын Чандмань-Уул, Дэлгэр сумын Баянхайрхан багуудад 3-5 дахин хэтэрсэн, Жаргалан сумдын нийт нутаг, Бугат сумын Сүж, Гаханч, Ферм, Халиун сумын Олонбулаг, Сүүж, Чацран, Төгрөг сумын Тунгалаг, Хүрэнгол, Мааньт, Цогт сумын Рашаант, Баян-Өндөр, Далан, Бигэр сумын Хүрэмт, Буудай, Мянгай, Чандмань сумын Хүрхрээ, Өлзийбулаг, Эрдэнэ-Уул, Дэлгэр сумын Баянбуурал, Баянхонгор, Тайшир сумын Далан, Хуримт, Баян-Уул сумын Баянговь, Баянхайрхан, Цээл сумын Дэрстэй, Жаргалт, Тонхил сумын Зүйл, Алтайн-Оргил, Хөхморьт сумын Сангийн далай, Дарив сумын Ихэс багуудын нутагт даац 1-3 дахин хэтэрч гарсан байна.


Энэ жил зуншлага оройтсон зарим нутгаар болон малын тоо ихтэй сумдын нутгаар даац хэтэрчээ. Өвөл-Хаврын бэлчээрийн даац зарим нутгаар хэтэрч гарсан сумдын нутагт өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малын тоог бууруулах зэрэг арга хэмжээг эртнээс авч, өөрсдийн дотоод нөөц бололцоон дээр тулгуурлан оновчтой, шуурхай зохион байгуулахыг Говь-Алтай аймгийн УЦУОШТ-өөс зөвлөв.

Холбоотой мэдээ