Сайжруулсан түлшний 81 мянган тонн нөөц бүрдүүлээд байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ирэх өвлийн бэлтгэл хангахаар нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, “Таван толгой түлш” ХХК хамтран одоогоор түрээсийн 46 агуулахад 81 885 тонн түлшний нөөц бүрдүүлээд байна.
Зуун мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөцийг бүрдүүлэхээр төлөвлөсөн бөгөөд есдүгээр сарын 15 гэхэд сайжруулсан түлшний нөөц бүрдүүлэлт 100 хувьд хүрэх юм. Мөн сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт хийх 31 компанитай гэрээ байгуулжээ. Гэрээний дагуу 310 тээврийн хэрэгсэл үйлдвэрээс борлуулалтын цэг, агуулах, агуулахаас борлуулалтын цэг гэсэн үндсэн гурван циклээр, өдөрт дунджаар таван удаагийн рейсээр сайжруулсан шахмал түлш тээвэрлэнэ.
“Таван толгой түлш” ХХК 2023-2024 онд ажиллах борлуулалтын
цэгийг сонгон шалгаруулахаар www.burtgel.ttt.mn цахим хаягаар материал хүлээн
авч байгаа. Бүртгэл энэ сарын 31-нд
хаагдахыг нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас мэдээллээ.