СЭЛЭНГЭ: Барилгын ашиглалтын хугацаа дууссан байруудыг дахин төлөвлөлтөд оруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-08-25 16:12:09

Сүхбаатар/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж Сүхбаатар сумын төвд байрлах хуучны орон сууцуудыг дахин төлөвлөлтөд оруулахаар шийдвэрлэсэн байна.


Тус байрууд нь 1950 онд ашиглалтад орсон бөгөөд 73 жилийн насжилттай, барилгын ашиглалтын хугацаа дуусч хана, таазнаасаа нуралт өгч эхэлжээ.   

 

Дээрх байрны оршин суугчдын зүгээс эрсдэлтэй нөхцөл байдалд амьдарч байгаа талаараа аймгийн даргад хандаж, цаашид дахин төлөвлөлтөд оруулах, шинэ байр бариулж, асуудлыг шийдвэрлэж өгөхийг  хүсчээ.

 

Иргэдийн хүсэлтийн дагуу аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Я.Мөрөн, Сүхбаатар сумын Засаг дарга Т.Пүрэвсүрэн нарын хамт тухайн байруудаар явж бодит байдалтай газар дээр нь очиж танилцан, дахин төлөвлөлтөд оруулах шийдвэр гаргасан байна.

 

Энэхүү шийдвэрийнхээ хүрээнд аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Сүхбаатар сумын Засаг дарга Т.Пүрэвсүрэн, "Колорс Теч" ХХК-ийн удирдлагууд, тус байрны иргэдтэй хамтарсан уулзалтыг хийлээ.


Гурван талаас шуурхай шийдэлд хүрч чадсанаар ирэх 9 дүгээр сарын 10-ны дотор айлууд байраа суллаж өгөх юм.


Компанийн зүгээс барилгын ажлаа шуурхай эхлүүлж, ирэх 2024 оны 12 дугаар сарын 31-нд шинэ орон сууцыг хүлээлгэн өгөхөөр боллоо.


Аймгийн Засаг даргын зүгээс нэгдүгээрт иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөл, хоёрдугаарт аймгийн төв Сүхбаатар хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх тал дээр дэмжиж тус байрнуудын буулгалтын зардлыг аймаг орон нутгаас шийдвэрлэж өгөхөөр болов. 

Холбоотой мэдээ