Пабло Пикассогийн бага хүү нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-08-25 12:46:59

ПАРИС. /AFP/. Испанийн нэрт зураач Пабло Пикассогийн бага хүү Клод Руис Пикассо 76 насандаа Швейцарт нас барсан тухай түүний өмгөөлөгч Жан-Жак Нойер AFP” агентлагт пүрэв гарагт мэдээлжээ. 


Гэхдээ нас барсан шалтгааны талаар мэдээлэл өгөөгүй байна. Клод Пикассо эхнэр Сильви Вотье, хоёр хүүхдээ орхин хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.


К.Пикассо “Picasso estate” байгууллагыг 1989 оноос 2023 оны долоодугаар сар хүртэл удирдаж байгаад дүү эмэгтэй Палома-д эрхээ шилжүүлсэн юм.  


Алдарт зураач дөрвөн хүүхэдтэй. П.Пикассо, бүжгийн жүжигчин Ольга Хохлова нарын дундаас төрсөн түүний том хүү Пол 1975 онд нас баржээ. Харин Францын загвар өмсөгч Мари-Тереза Вальтероос төрсөн охин Маяа нь 2022 онд нас эцэслэжээ.


Клод, Палома нар бол Францын зураач Франсуаза Жилогоос төрсөн хүүхдүүд нь юм. 


Picasso estate” нь Пикассогийн үр хүүхдүүд, ач зээ нарын эзэмшилд буй олон бүтээлийг хариуцдаг бөгөөд бүтээлүүдийн зохиогчийн эрх болон хуулбарлах, барааны тэмдгийн эрхийг дангаар эзэмшдэг.


Түүнчлэн баталгаажуулалтын гэрчилгээ олгож, Пикассогийн бүтээлүүдийг хуурамчаар олшруулан худалдахтай тэмцэж, хуулийн дагуу арга хэмжээ авдаг байна. Шинжээчдийн үзэж буйгаар, Пикассо бол дэлхийн хамгийн "үнэ цэнтэй" зураач бөгөөд 2008 онд түүний бүтээлүүдийг албан ёсны дуудлага худалдааны явцад 262 сая доллароор борлуулж байжээ.  


 


 

Холбоотой мэдээ