Өдөрт 50 мянга гаруй ам метр талбайг ариутган халдваргүйжүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уруйн үер буусан Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороо буюу Дарь-Эх, Монел орчимд энэ сарын 7-ноос өнөөдрийг хүртэл ариутгал, халдваргүйжүүлж байна.
Ариутгал, халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөлтэй зургаан
компани таван мананцар үүсгэгч автомашинаар нийтийн эзэмшлийн зам, талбай, айл
өрхүүдийн хашаа, нүхэн жорлон,
гэр дотор гэхчлэн өдөрт дунджаар
50 мянга гаруй ам метр талбайг хоёр удаагийн давтамжаар ариутгаж байгаа.
Хэт халалтын улмаас буюу 30-аас дээш хэмд хлорын нэгдэл ууршаад алга болдог учир ариутгал, халдваргүйжүүлэлтийг өглөө, үдшийн сэрүүнд хийж байна. Лаг шавар их хэмжээгээр орсон айлуудын гэрийг 0.06 хувийн ариутгалын уусмалаар ариутгаж байгаа бол гадна талбайг 0.1 хувийн уусмалаар ариутгаж байгаа. Ингэхдээ жавелион, клорсепт 17, просан зэрэг бодисыг ашиглаж байгаа аж.