Түр зам тавьж, хөдөлгөөн нээх хүртэл хүлээхийг зөвлөж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүчтэй орсон үерийн улмаас Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн Нарийны гүүрний хоёр талын чулуун бэхэлгээ эвдэрч, хөвөө хучилтын ирмэгт тулж урссанаас болж авто замын зорчих хэсгийн хөрс нуралт үүссэн тул тээврийн хэрэгсэл зорчих боломжгүйд хүрсэн.
Иймд суудлын авто машины аюулгүй байдлыг нь ханган нэвтрүүлж, том оврын тээврийн хэрэгсэл, автобусны хөдөлгөөнийг түр хязгаарлаад байгаа юм. Одоогийн байдлаар үерийн байдал татрахаар гүүрийг засварлах, түр зам тавихаар зохих албаныхан ажиллаж байгаа аж.
Говь-Алтай аймгийн 100 жилийн баяр наадам өнөөдөр өндөрлөж байгаатай холбоотойгоор Улаанбаатарыг чиглэх хөдөлгөөн нэмэгдэх төлөвтэй байгаа тул иргэд, наадамчид, аялагч жуулчид түр зам тавин, аюулгүй хөдөлгөөн нээх хүртэл хүлээхийг ОБЕГ-аас зөвлөж байна.