Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-70 см-ээр нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2023-08-02 16:10:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Хангай нуруунаас эхтэй Орхон, Идэр, Түй, Чулуут, Хүнгүй зэрэг голын  усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-70 см нэмэгдсэн гэж  Цаг уурын байгууллагаас мэдээллээ.


Орхон /Орхонтуул, Сүхбаатар/, Хараа /Дархан хот/, Халх гол /Ялалт баг/ орчимд үерийн түвшинг 5-40 см-ээр, Сэлбэ гол, Санзай орчимд үерийн түвшинг 5 см-ээр давсан байна. Харин Туул гол /Лүн сум/ орчимд үерийн аюултай түвшинг 33 см-ээр даван үерлэсэн хэвээр байгаа аж.


Маргааш Дэлгэрмөрөн гол /Мөрөн хот/, Чулуут гол /Өндөр-Улаан сум/ орчмоор усны түвшин 10-40 см-ээр нэмэгдэх хандлагатай байна. Мөн баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар аадар бороо орох төлөвтэй байгаа тул гол мөрний сав дагуу нутаглаж буй малчид тариаланчид, аж ахуйн нэгж, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.

Холбоотой мэдээ