ДУНДГОВЬ: Үерт өртсөн айл өрхүүдэд тусламж болгож 100 хонь хандивлахаа мэдэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-07-07 15:20:35
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат Улаанбаатар хотод үүсээд буй хүнд нөхцөл, үерт өртсөн айл өрх, иргэдэд тусламж болгож 100 хонь хандивлахаа мэдэгдлээ.


Тэрбээр “Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод үргэлжлэн орсон борооны улмаас үерийн аюул үүсэж, хүнд байдалтай байгааг олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр авч мэдэрч байна. Хамгийн их өртөж байгаа хүмүүс бол гэр хорооллын айл өрхүүд, зуслангийн бүс нутаг, зарим нэг голын ай сав дагасан орон сууцны хорооллууд, тэнд амьдарч буй хүн ам байна. Тэдний байдал маш хүнд нөхцөл байдалтай болж байна.


Тиймээс Дундговь аймгаас санаачилга гаргаад сум, багийн Засаг дарга, малчид, иргэдтэйгээ хамтран УОК, гамшигт өртөж байгаа айл өрх, иргэдэд тусламж үзүүлэх зорилгоор 100 хонь хандивлах ажлыг зохион байгуулах гэж байна. Өнөөдөр, маргаашдаа тусламжийн хонио цуглуулж, хүргүүлнэ” гэлээ.


Мөн тэрбээр “Байгалийн аливаа гамшигт үзэгдэл, хүнд хэцүү цаг үеийг бид хамтдаа туулж байх ёстой, тиймээс энэ ажлыг эхлүүлж байна” гэсэн юм. 

Холбоотой мэдээ