Баяр наадмын өдрүүдэд болзошгүй эрсдэлээс сэрэмжлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2023-07-06 14:57:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГССҮТ-өөс баяр наадамтай холбоотой сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргэж байна.


Зуны улиралд, тэр дундаа баяр наадам тохиож буй аялал зугаалгын сард /6-8 дугаар сар/ осол гэмтлийн тохиолдол эрс нэмэгдэж, энэ хэрээр ГССҮТ-ийн ачаалал ч мөн нэмэгддэг. Ялангуяа улсын баяр наадмын өдрүүдэд олон хоног амрах болсонтой холбоотой зам тээврийн осол, бүх төрлийн уналтын шалтгаант бэртэл гэмтэл, хүүхдийн болон ахуйн хүрээний осол гэмтэл нэмэгдэх хандлагатай байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн 2022 оны 7 дугаар сард ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт нийт 14.207 хүн тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс эрэгтэй 8307 /58.5 хувь/, эмэгтэй 5900 /41.5 хувь/ байгаа бол, 18 хүртэлх насны хүүхэд 5965 /42 хув/) байна.


2022 оны 7 дугаар сард ГССҮТ-ийн ХАЯТТ-т тусламж үйлчилгээ авсан иргэдийн осол гэмтлийн тэргүүлэх шалтгааныг авч үзвэл:

·        - Унаж бэртэх /бүх төрлийн уналт буюу явганаас бүдрэх, ор болон шат, гуу жалга, унаа тэрэг, барилга байгууламжаас унаж бэртсэн/-6329 /44.5 хувь/

·         -Амьгүй механик хүчин зүйлд өртөх /Шил шаазан, хутга мэс болон бусад эд зүйлд өртөж гэмтсэн/-2406 /16.94 хувь/

·        - Зам тээврийн осол -1881 /13.2 хувь/

·        - Хүчирхийлэлтэй холбоотой бэртэл гэмтэл /Ахуйн хүрээний болон гэр бүлийн маргаан, зодоон цохион, архи дарс хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй/-1047 /7.37 хувь/

·         -Халуун дулаан бодист өртөх буюу түлэгдэж гэмтсэн-363 /2.56 хувь/ зэрэг осол гэмтэл тэргүүлж байна.


Баяр наадмын өдрүүдэд гарсан осол гэмтлийн дийлэнх шалтгаан нь архи дарс хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй байдаг бөгөөд өнгөрсөн 2022 оны 7 дугаар сард ахуйн хүрээний архидалттай холбоотой зодоон цохион, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 98 хүн ГССҮТ-д тусламж үйлчилгээ авчээ.


2023 оны эхний зургаан сарын байдлаар, ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт нийт 81.942 хүн тусламж үйлчилгээ авсан байна. Үүнээс эрэгтэй 47.490, эмэгтэй 34.452 байгаа бол, 18 хүртэлх насныхан 33.876 байгаа юм.

Осол гэмтлийн тэргүүлэх шалтгааныг авч үзвэл:

· -    -Унаж бэртэх /бүх төрлийн уналт буюу явганаас бүдрэх, ор болон шат, гуу жалга, унаа тэрэг, барилга байгууламжаас унаж бэртсэн/-40.211

·        - Амьгүй механик хүчин зүйлд өртөх /Шил шаазан, хутга мэс болон бусад эд зүйлд өртөж гэмтсэн/ -12.946

·         -Амьтай механик хүчинд зүйлд өртөх /Нохой, муур, морь, мал, хүнд хазуулах/ -7388

·        - Зам тээврийн осол -7011

·   - Хүчирхийлэлтэй холбоотой бэртэл гэмтэл /Ахуйн хүрээний болон гэр бүлийн маргаан, зодоон цохион, архи дарс хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй/-1047 (7.37 хувь)

·         -Халуун дулаан бодист өртөх буюу түлэгдэж гэмтсэн-6805

·         -Нохойд хазуулсан-1854 байна.


2022 онд мориноос унаж бэртсэн нийт 1598 хүн тусламж үйлчилгээ авснаас 691 нь 2-17 насны хүүхэд байна. Тухайлбал уралдааны мориноос унаж бэртсэн 76 хүн, уналгын мориноос унаж бэртсэн 1522 хүн байгаа юм. Тэгвэл 2023 оны эхний зургаан сарын байдлаар, мориноос унаж бэртсэн нийт 620 хүн тусламж үйлчилгээ авснаас 256 нь хүүхэд байна. Тэр дундаа уралдааны мориноос унаж бэртсэн 28 байгаа бол, үлдсэн 588 нь уналгын мориноос унаж бэртжээ.


Тиймээс улсын баяр наадам, аймгуудын тэмдэглэлт ойн баярын өдрүүдэд иргэд өөрийн болон хайртай гэр бүл, ойр дотны хүмүүсийнхээ амь нас, эрүүл мэндэд анхаарал тавьж, зам тээврийн осол болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.


Хөдөө орон нутагт зорчих тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах, авто замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцох, тээврийн хэрэгсэл жолоодох үедээ архи согтууруулах ундааг хэрэглэхгүй байх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.


Түүнчлэн бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, хорхог боодог хийх болон бусад төрлийн идээ ундааг бэлтгэхдээ өөрсдийн болон ойр тойрны хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж түлэгдэж гэмтэхээс сэргийлэх, мөн гол ус, нуур цөөрмийн дэргэд анхаарал болгоомжтой байж аялал зугаалгад оролцохыг сануулав.  

Холбоотой мэдээ