СЭЛЭНГЭ: 483 хүн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албанаас зохион явуулж байгаа "Нэг
зам-нэг соёл" аян Сэлэнгэ аймгийн Мандал суманд нээлтээ хийлээ.
Зам
тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцохдоо бие биедээ
хүндэтгэлтэй, хариуцлагатай, соёлтой оролцохыг уриалж буй уг аянд тус сумынхан
нэгдэж байна.
ЦЕГ-ын
Тээврийн цагдаагийн албанаас жил бүр "Орон нутгийн зам хөдөлгөөний
соёл" нэгдсэн арга хэмжээний хүрээнд олон ажил арга хэмжээг зохион
байгуулж байгаа аж. Тодруулбал "Яараад яахав дээ", "Аажуу явбал
аяндаа хүрнэ" зэрэг аянууд юм.
Дээрх
аян явуулснаар зам тээврийн осол 70 хувь хүртэл буурсан аж. Ослын дийлэнх нь
орон нутгийн замд гардаг хэмээн албаны хүн ярьж байна.
Орон
нутгийн замд гарч буй зам тээврийн ослын гол шалтгаан нөхцөл нь хурд хэтрүүлэх,
гүйцэж түрүүлэх үйлдэл хориглосон нөхцөлд хийх.
Мөн
бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хол замд гарах, жолоочийн нойр дутуу ядарсан зэргээс
үүдэлтэй аж.
Сэлэнгэ
аймгийн хэмжээнд оны эхний 5 сарын байдлаар нийт 296 гэмт хэрэг бүртгэгдсэн
байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 56 хэрэг буюу 16.0 хувиар буурчээ.
Эдгээрээс
13 буюу 4.4 хувь нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт
хэрэг эзэлж байна. Энэ хугацаанд 483 хүн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ
хасуулсан нь 24.2 хувиар өсжээ. Харин гэмтсэн хүн 108 буюу 22.9 хувиар, нас барсан
хүн 9 буюу 20.0 хувиар тус тус буурсан аж.
Монгол
Улсад жилд дунджаар 600 гаруй хүн зам тээврийн ослоор нас бардаг ба үүний 60-70
хувь нь зуны дэлгэр цагт хөдөө нутгаар аялж байх үед амь нас, эрүүл мэндээрээ
хохирдог харамсалтай тоон мэдээ байна.
Тиймээс
дээрх аяны хүрээнд орон нутагт зорчиж буй жолооч нар хурдаа тохируулж, гэрлээ
шилжүүлж, дохиогоо өгч хэвших, хотын хөдөлгөөнд оролцохдоо шаардлагагүй
тохиолдолд сигнал дохиогоо багасгаж, замын хөдөлгөөнд оролцохдоо нэг нэгэндээ
хүндэтгэлтэй хандахыг уриалж байна.