ДУНДГОВЬ: Мал аж ахуй үйлдвэрлэлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөг батлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-06-28 17:23:40
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ИТХ-ын ээлжит 14 дүгээр хуралдаанаар тус аймгийн “Мал аж ахуй үйлдвэрлэлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө”-г хэлэлцэн баталлаа.


6 дугаар сарын 27-нд хуралдсан тус хуралдаанаар нийт 9 асуудал хэлэлцэх байснаас 1 асуудлыг хойшлуулж, 8 асуудлыг хэлэлцэн хуралд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар баталжээ. 


Тодруулбал, тус хуралдаанаар Дундговь аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны төсвийн гүйцэтгэл, Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт, 2023 оны төсвийн тодотгол батлах, Мал аж ахуй үйлдвэрлэлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөг батлах зэрэг 8 асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргасан бол тус аймгийн Өлзийт сумын “Цагаан суварга”-ын аялал жуулчлалын бүсийн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийн ажлыг батлуулах асуудлыг хойшлуулсан байна.


Дундговь аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 409.3 тэрбум төгрөг бөгөөд үүний 56.8 хувийг хөдөө аж ахуй буюу мал аж ахуйн салбар, 30.2 хувийг худалдаа үйлчилгээ, 13.0 хувийг үйлдвэрлэл бүрдүүлдэг. Тиймээс тус аймгийн хувьд мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд тус салбарын стратеги төлөвлөгөөг боловсруулах шаардлагатай гэдгийг мэргэжлийн байгууллага онцолсон.


Монгол Улсын "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлого, Хот, хөдөөгийн шинэ сэргэлтийн бодлогo, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан аймаг, сумын удирдлага, ХАА-н мэргэжилтэн, малчид, мал аж ахуй эрхлэгч 500 гаруй хүнээс санал асуулга авч, аймгийн Мал аж ахуйн салбарын зөвлөгөөн, Засаг даргын зөвлөл, Мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлсний үндсэн дээр ийнхүү батлуулжээ.


Стартеги төлөвлөгөөний зорилго, ач холбогдлын талаар аймгийн ХХААГ-ын Мал үржлийн албаны дарга Ж.Батбилэгээс тодруулахад “2023-2032 онд хэрэгжүүлэх тус төлөвлөгөө нь бүс нутгийн байгаль экологийн онцлог, бэлчээрийн даацтай уялдуулж, малын тоо, төрөл хооронд зохистой бүтэц бий болгох, малын бэлчээр, тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх, мал аж ахуйд учирдаг эрсдэлийг бууруулах, малын үүлдэр угсааг сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлэх ач холбогдолтой” гэлээ. 

Холбоотой мэдээ