ДОРНОГОВЬ: 624 ажлын байрыг танилцуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-06-28 12:27:39

Дорноговь /МОНЦАМЭ/. Засгийн газраас дэвшүүлсэн “Хөдөөгийн сэргэлт” бодлогын хүрээнд аймаг орон нутгийн ажил олгогчдын хүний нөөцийг бүрдүүлэх, шинээр төгсөгч оюутан залуусыг ажлын байранд зуучлах зорилготой “Ажлын гараа-нутгийн хөгжил”  үйл ажиллагааг аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газар /ХХҮГ/ энэ оны зургаадугаар сарын 27-нд зохион байгууллаа.


Хөдөлмөрийн яармагт нийт 100 гаруй оюутан, төгсөгч залуус, харин ажил олгогчдоос төрийн байгууллага, хувийн хэвшлийн 38 төлөөлөл биечлэн оролцож, 272 сул чөлөөтэй ажлын байр, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 43 аж ахуйн нэгж байгууллагын 352 ажлын байр, нийт 81 аж ахуй нэгж байгууллагын 624 ажлын байрыг танилцуулснаар 32 залуу байнгын ажлын байртай болжээ.


Энэ үеэр сургуулиа амжилттай төгсөж, ажлын гараагаа орон нутгаасаа эхэлж байгаа залуучуудад “БАТЛАМЖ” гардуулав. Тухайлбал, аймгийн ЗДТГ тав, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хоёр, Сайншанд сумын ЗДТГ нэг, УБТЗ-ын Сайншанд татах хэсэг тав, “Төгс омбол” ХХК  гурван залууг тус тус ажлын байраар хангаж, шинэ залуу боловсон хүчнээр хүний нөөцөө нэмэгдүүлсэн байна.


Ажлын байрны зар мэдээлэлд уул уурхай, газар тариалан, хөдөө аж ахуй, нийтийн хоол, үйлчилгээний салбарын боловсон хүчний эрэлт хэрэгцээ их байгаа талаар албаныхан онцлов. 



Холбоотой мэдээ